Ж.Батсуурь: Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийг нэг дороос авах боломж бүрдлээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
2024.12.20
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ж.Батсуурь: Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийг нэг дороос авах боломж бүрдлээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон бусад хөгжлийн хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхийг зорьж, бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Тодруулбал, “Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц шинээр барих, засварлахад хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх. Гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

Энэ хүрээнд “Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран "Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийн төвийн нээлтээ энэ долоо хоногт хийсэн. Тус төвөөр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, бариулах гэж байгаа, баригдсан байшингаа эрчим хүчний хэмнэлттэй болгох хүсэлтэй, мөн эрчим хүчний эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэх гэж байгаа, нүхэн жорлонгоосоо салж эко бохирын шийдэлтэй болохоор зорьж буй хэн бүхэн зорьж очиж, үйлчилгээ авах бүрэн боломжтой.

Энэ төв нь агаар, хөрс орчны бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Мөн ногоон барилгын шаардлагад нийцсэн барилгын дэвшилтэт технологийн шийдлүүд, амины орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгч, амины орон сууцны нэг цонхны үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэж байгаагаараа давуу талтай аж.

Тус төвд төвд барилгын салбарт ногоон тeхнологи нутагшуулагч 20 гаруй байгууллагын шоурүүм оффис байрлаж байна.

  • Төрийн болон төрийн бус байгууллага
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид
  • Инновацлаг өрөгт бүтээц дүүргэлтийн материалууд
  • Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, агааржуулалтын системүүд
  • Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн багц
  • Бохир ус, цэвэрлэх байгууламж.
  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч нар
  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл
  • Ногоон амины орон сууцны мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл
  • Банк санхүүгийн байгууллагууд

Ийнхүү олон талын оролцогчид нэг дороос иргэд олон нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байгаа нь цаг хугацаа хэмнэсэн, шинэлэг ажил боллоо.

ШИНЭ МЭДЭЭ