УИХ-ын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын төслийн ажилтай танилцлаа
2024.12.20
Зам, Тээвэр

УИХ-ын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын төслийн ажилтай танилцлаа

УИХ-ын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын төслийн ажилтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт боомтод УИХ-ын 20 гишүүнийг хүлээн авч уулзан бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцууллаа.

Гашуунсухайт боомт нь нийслэлээс 841 км-т байрладаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол төсөв бүрдүүлдэг боомтын нэг юм. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, хөрш орнуудтай хөндлөн, босоо чиглэлийн төмөр замын холболтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж буй.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүдэд “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг хоёр улсын хилийн заагт очиж танилцуулан холбогдох мэдээллийг өгч санал солилцлоо. Хамтарсан Засгийн газар улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх 14 том мега төслүүдийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Эдийн засгийг тэлэх мега төслүүдэд “Гашуунсухайт-Ганцмод”,“Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төслийн ажлыг эрчимжүүлнэ хэмээн тусгасан билээ.

Хил дамнасан төмөр замын холболтыг хийснээр төслийн үр дүнд экспортын хүчин чадал 40 сая.тн хүртэл нэмэгдэнэ. Экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий.

Тиймээс энэ ажлын хүрээн УИХ гишүүд “Монгол-Хятадын Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар санал солилцлоо. Танилцуулгын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гацаа, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, гарц гаргалгааг илүү тодорхой болгож, төслийн ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ