2024.12.18
Гадаад харилцаа

Х.Нямбаатар: Метроны төсөлд Их Британийн Сангийн яамнаас 3 тэрбум фунт стерлингийг зээлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тэрбээр "Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.

Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан.

Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ.

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна.

Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна.

Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн.

Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн.

Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ.

Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ.

Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон.

Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна" хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ