Ж.Золжаргал: Бодит нөхцөл байдлаа хараад тохирсон шийдлээ хийе. Түлшээ солих цаг нь болсон!
Сүүлийн жилүүдэд Монгол Улс дэлхийд агаарын бохирдлын хэмжээгээрээ тогтмол тэргүүлдэг болсон. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх чиглэлд төр засгийн зүгээс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан. Харамсалтай нь үр дүн тун тааруу байна.
Асуудлын цаад учир шалтгааныг аваад үзвэл утаа бол улстөрчдийн, шийдвэр гаргагчдын бизнес болчихсон байна уу гэлтэй. Тийм учраас утаа, агаарын бохирдлыг бууруулах нь чухал биш. Харин ч утаа гарч байх нь тэдэнд ашигтай байгаа учраас асуудлын мөн чанар руу нь орж шийдэл хайх, шийдвэрлэх сонирхолгүй явсаар ирэв үү. Олон нийт асуудлыг яг өнцгөөс харж, дор бүрнээ эргэцүүлж байгаа нь нууц биш!
Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлын хэмжээг 50-80 хувь бууруулсан гэдгээ холбогдох албаныхан мэдэгдсэн. Утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх санал санаачилга гараад, төсөв мөнгө хуваарилж эхлээд 20 жил гаруй болж байна. Гэсэн ч нүдэнд үзэгдэж, гарч баригдах дорвитой шийдэл өнөөдрийг хүртэл хийгдсэнгүй.
Утааг бууруулах гэдэг нэг ойлголт. Харин бидний хүсэл бол нэгдүгээрт, нүдэнд үзэгдэх утааны хувь хэмжээ буурах, хоёрдугаарт, агаарын чанар сайжрах ёстой. Гэтэл агаарын чанарын үзүүлэлт дэх хоруу чанар нь асуудал дагуулж байгаа нь сүүлийн үед хийгдсэн удаа дараагийн судалгаагаар тодорхой харагдаж байна. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү үзүүлэлттэй байна.
Гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх, гэр хорооллын байшингуудыг дулаалах НЬ хөрсөн дээр буусан шийдэл
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нь утааны асуудал, дулаан байшин, халаалтын шийдэл дээр 15 жил ажиллаж, нүүрс, химийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийж явсан мэргэжлийн химийн инженер хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбаруудыг хийж ирсэн. Тухайлбал, 2019 онд шинэ түлш нэвтрүүлсний дараахан үнслэг ихтэй мидлингийн түлшнээс УГААРЫН ХИЙ их ялгарч байгааг MNB сувгаар харуулж байсан.
Инженер Ж.Золжаргал /2019 он/:
“2019 онд ганц төрлийн шахмал нүүрснээс бусад түлшийг хорьж хувийн үйлдвэрүүдийг дампууруулаад бөөнөөрөө утааг яллаа гэж шуугилдсан. Би мэргэжилтний хувьд шатаах туршилт хийгээд УГААРЫН ЭРСДЭЛ байгааг Үндэсний ТВ-р харуулсан. Түүнээс хойш юу ч өөрчилсөнгүй. Сонсгол, жагсаалууд л болсон. Гарц нь дулаан байшин. Ипотек олго. Дэд бүтэц хамаагүй. Зуух ч, түлш ч хоёр дахь асуудал (дулаан байшинтай бол багахан мод, хий, цахилгаан, үнс багатай сайн нүүрсэн шахмал эсвэл шигшсэн түлш ашиглаад явна” гэв.
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТУРШИЛТ:
- Ижил нөхцөлд туршихад шахмал түлшний утаан дахь УГААРЫН ХИЙН хэмжээ Налайхын нүүрснээс 2 дахин их байв.
- Угаарын хий илүү их гарвал түүнийг бүрэн зайлуулах зуух яндан гэр хорооллын дийлэнх өрхүүдэд байна уу үгүй юу? Техникийн хувьд тэд бэлэн үү гэдэг чухал хамгийн асуулт болно.
- Бэлэн биш бол бэлэн болгох, бас нөгөө талаас нь шахмал түлшний шаталтыг сайжруулах өөрчлөлт хийх.
- Энэ бол нэг л туршилт. Ижил туршилтыг Мэргэжлийн байгууллагууд, Судалгааны байгууллагууд, Олон улсын зөвлөхүүд хамтарч олон янзын нөхцөлд, олон давтаж хийх хэрэгтэй. Хавар намар дулаарахаар угаартах тохиолдол илүү олон бодлог. Иймд Хавраас өмнө бодит ахуйн хэрэглээ болон лабораторийн судалгааны өргөн фронттой төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна.
- Агаарын чанар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ШУТИС Дулааны хүрээлэн, Химийн инженерчлэлийн сургууль, ШУА Химийн хүрээлэн анхаарлаа хандуулахыг хүсье.
- UNDP, UNICEFF, WHO, Right to breath, People in need гэх мэт байгууллагууд олон нийтийн санал асуулга, урьд хийгдсэн судалгааны тайлангуудад тулгуурлаж зөвлөмж гаргах төдий биш олон улсын мэргэшсэн Зөвлөх урин ирүүлж бодит туршилтад оролцуулах, засгийн газар хотын захиргаанаас хараат бус цэвэр техникийн туршилт судалгаа хийхэд санхүүгийн дэмжлэг олговол монголчуудад маш их хэрэгтэй байна.
Нүүрсийг гадаадад шинжлүүлбэл "нүүрс байна" , шахмал нүүрсийг шинжлүүлбэл "шахмал нүүрс байна" гэсэн хариу гарна. дэмий зүйлд цаг бүү үр!
Угаарын хийнд хордсон хүмүүсийг Улаанбаатар хотын хэмжээнд аваад үзвэл шахмал түлш нэвтрүүлхээс өмнө буюу 2017-2019 онд нас барсан 33, хордсон 151 хүн.
Шахмал түлш нэвтрүүлснээс хойш буюу 2019-2022 онд нас барсан 91, хордсон 1633 хүн хордсон байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод нас барагчдын тоо 3 дахин нэмэгдэж, угаарын хийн хордолт 10 гаруй дахин нэмэгдсэн байна. Энэхүү судалгааг Япон улсын Цукуба Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тогтоогоод олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. Үүнээс харвал монголын нөхцөлд байгаа зуух, янданд шахмал түлш тохирохгүй байгааг илтгэж байна. Учир нь:
- Нэгдүгээрт, утаа багатай сайн нүүрс дотор нүүрстөрөгч их байдаг. Түүнийг шатаахад илүү их агаар /O2/ хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн зуух тэр агаарыг өгч дийлэхгүй, таталт муу байгаагаас угаарын хий үүсдэг.
- Хоёрдугаарт, шахмал түлшинд хэрэглэж байгаа баяжуулах үйлдвэрийн баяжуулсан нүүрс, хаягдал чулуу хоёрын завсрын бүтээгдэхүүн болох МИДЛИНГ нь 25-30%-ийн өндөр үнслэгтэй. Өндөр үнслэгтэй учраас нүүрсийг эрчимтэй шаталтад оруулдаггүй. Нэг үгээр хэлбэл шаталтап саад болж, дутуу шатааж угаарын хий үүсгэдэг. Иймд, угааж баяжуулсан буюу үнслэг багатай /10%/ коксождоггүй эрчим хүчний нүүрсийг ашиглавал илч сайн, үнс бага, шаталт гүйцэд, угаарын хий бага ялгарна.
Харин одоогийн МИДЛИНГ дээрээ хагас кокс нэмбэл утаа буурах боловч бүр муу шатна, бүр их угаарын хий ялгарна. Тиймээс сайн, бага үнслэгтэй нүүрс хийгээд хүсвэл бага зэрэг коксын нунтаг эсвэл хагас кокс нэмж утааг бууруулж болно. Тоо худал ярьдаггүй. Статистикийг нуух хэрэггүй. Зорилгыг нь буруутгахдаа гол нь биш юм.