2024.12.16
Эдийн засаг, Худалдаа
ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Мөн уулзалтын үеэр чөлөөт бүсийн удирдлагуудтай дараах мэдээллийн хүрээнд санал солилцов. Үүнд:
ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮС
- Өнөөдрийн байдлаар Замын-Үүд чөлөөт бүсэд 81 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас, 9 аж ахуй нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Мөн 6 аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламж баригдаж байгааг онцлов. Харин үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан 66 аж ахуй нэгж байгууллага өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байна.
- Замын-Үүд чөлөөт бүсэд 2007-2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17.4 тэрбум төгрөг, Гадаадын зээл тусламжаар 94.5 сая ам.доллар, Аж, Ахуй нэгж байгууллагын хөрөнгө оруулалтаар 8.3 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна.
- Энэ үеэр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн Дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуургын байгууламж, түүний салбар шугам сүлжээний ашиглалт, үйл ажиллагааг жигдрүүлэх асуудал тулгамдаж байгааг онцоллоо.
АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮС
- Өнөөдрийн байдлаар Алтанбулаг чөлөөт бүсэд 31 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 3 аж ахуй нэгжийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
- Алтанбулаг чөлөөт бүсэд улсын төсвийн 34.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цахилгаан хангамж, цэвэр усны шугам, ариутгал татуурга, үерийн усны байгууламж, автозамын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.
- “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар Барилга, Хот байгуулалт, орон сууцжуулалтын Сайдын багцаас 214,9 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 2022 оны 04 дүгээр сараас эхлэн зураг төсөл хийгдэж байгааг онцлов.
ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС
- Өнөөдрийн байдлаар Цагааннуур чөлөөт бүсэд 67 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан ч, 3 аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.
- Цагааннуур чөлөөт бүсэд улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10кВт хүчин чадалтай цахилгааны дэд станцын барилгын ажил, Мэргэжлийн албадын контор,1 га газарт Гэрэлтүүлэг, Камержуулалт гэх мэт төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна.
- Цагааннуур чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, засгийн газраар батлуулахаар төлөвлөжээ.
Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч Д.Дамдинцэрэн, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Азжаргал, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нурбек нарт дараах үүрэг чиглэлийг өглөө.
- 2025 оны 6-р сарын 1-ны өдөр гэхэд Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх
- Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн Хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулах
- Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжийн судалгааг гаргах, тусгай зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах
- Чөлөөт бүсэд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх
- Чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татан ажиллах үүрэг чиглэлийг өглөө.