С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх ажлыг хойшлуулах саналыг ЗГ-ын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлнэ
2024.12.18
Эдийн засаг, Худалдаа

С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх ажлыг хойшлуулах саналыг ЗГ-ын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлнэ

Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга С.Амарсайхантай уулзах хүсэлт гаргасны дагуу тэднийг хүлээн авч уулзжээ.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төрийн дунд шатны албан тушаалтнууд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, санал аваагүй хэрнээ дарга нартаа авсан мэтээр буруу ойлголт өгснийг уламжлаад цаашид үүнд анхаарч ажиллахыг уулзалтын эхэнд хүсэв.

Түүнчлэн гэрээ хэлэлцээрийн асуудал ганцхан манай улсад тулгараагүй. Олон орон үүнийг туулж гарсан. Ингэхдээ улс орнууд дотоодын зах зээл, аж ахуйн нэгжээ ямар бодлого, арга хэмжээгээр дэмжсэн бэ гэдгээрээ ялгардаг. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүддээ наанадаж татварын таатай орчныг бий болгох шаардлагатай. Нөгөөтээгүүр геополитикийн асуудлыг ойлгож, нухацтай хандах нь чухал. Мөн хэрэглэгчийн эрх ашгийг хангах нь ч зүйтэй. Төрийн эрх ашиг эсвэл хувийн хэвшлийн эрх ашиг бус Монголын эрх ашиг яригдаж байгааг маш сайн ойлгож байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн бизнес эрхлэгчийн зүгээс хэлэлцээрийг хойшлуулах саналыг уламжлахын сацуу түр хэлэлцээрийн гэрээнд тусгах саналаа гардуулж нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд уг чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах бизнес эрхлэгчдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ