Дотоод орчны агаарын чанар олон өвчний шалтгаан болдог
2024.12.18
Эрүүл мэнд

Дотоод орчны агаарын чанар олон өвчний шалтгаан болдог

Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах хэлэлцүүлэг боллоо. УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр (2024.12.17) “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Барилгын дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав. ДЭМБ-ын судалгаагаар хүн ихэнх цагаа дотор өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор дотоод орчны агаарын чанар амьсгалын замын болон зүрх, судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн олон асуудлын шалтгаан болдог гэлээ. Барилгын ажлын үе шат бүрийг хянах шаардлагатай байдаг бөгөөд салбарын яамнаас одоо мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, тэдгээрийг барилгын зураг төсөлд тусгах, барилгын материалууд дахь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисын агууламж, ялгаралтыг лабораторийн шинжилгээгээр хянах нөхцөл бүрдүүлэх, импортын барилгын материалд тавих гаалийн хяналтыг сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж байгаа гэв.

Сайдын тушаалаар барилгын дотор орчны агаарын чанарт нөлөөлж буй барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021 онд байгуулан, ажиллаж байгаа аж. Тус ажлын хэсэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн орчинд хэрэглэж буй будгийн чанарт шинжилгээ хийж, эрүүл ахуйн дүгнэлт гаргасныг Ж.Батсуурь сайд танилцуулав. Нийт барилгын материалын 60 гаруй хувийг импортоор авч байгаа бөгөөд үүний 95 орчим хувь нь Замын-Үүд боомтоор нэвтэрдэг аж. Иймд шаардлагатай цэгүүдэд хяналтын лаборатори байгуулах зорилтыг холбогдох баримт бичгүүдэд тусган, хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

2023 онд Замын-Үүд хилийн боомтод барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулжээ. 8 төрлийн иж бүрэн лаборатори ажиллах бөгөөд будаг, химийн бодисын лаборатори ашиглалтад ороход бэлэн болоод байгаа гэлээ. Мөн Алтанбулаг хилийн боомтод энэ төрлийн лаборатори байгуулахаар ажиллаж байгаа юм байна.Боловсрол, эрүүл мэнд барилгад эрүүл ахуйн шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, түүнд хяналт тавих, хүлээж авах үйл ажиллагааны журмыг салбарын яамнаас санаачлан боловсруулж, Барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар батлуулж, мөрдөж байгаа гэлээ.

Энэхүү журмыг боловсруулах хүрээнд хийсэн туршилтаар боловсролын байгууллагын засвар, үйлчилгээг 9 дүгээр сарын 1-ээс 30 хоногийн өмнө дуусгах шаардлагатай гэдгийг тогтоосон байна. Мөн хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулан, энэ дагуу шаардлагатай арга хэмжээг авсан гэв. Үргэлжлүүлэн тэрбээр хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ