АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонслоо
2024.12.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.12.17)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогынхэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийнсалбарт 343 үйлдвэр, 1700 гаруй жижиг цех үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 45800 хүн ажиллаж буйг болон хүнсний 978 үйлдвэр, цех ажиллаж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай олгосон талаар тодорхой дурдав.

Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулгадаа Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь ажилд гацаа үүсгэж байгааг онцолсон юм. Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой 12 журам батлахаас долоо нь батлагдаад байгаа бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд авах, түүхий эдийн баталгаа, дэд бүтцийн хангамжид хөнгөлөлт үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх, АМНАТ-ийг хөнгөлөх зэрэг асуудлыг зохицуулах журмууд гараагүй байгаа юм.

Сайн нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Д.Батбаяр, Жаргалсайхан, С.Бямбацогт, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд мэдээллүүдэд дурдагдсан газрын болон ажиллах хүчний асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, нөлөө болон хүнд үйлдвэрийн хууль, эрх зүйн орчинг хэрхэн бий бүрдүүлэх, нэг газарт байгуулагдаж байгаа өөр өөр үйлдвэр технологийн паркын үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангах, кластер хамтын ажиллагааны боломж, худалдааны хууль, олон улсын худалдааны эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэх, паркуудыг байршлыг хэрхэн сонгосон болон хангайн бүсийн аймгуудад яагаад үйлдвэрлэл технологийн парк төлөвлөөгүй зэрэг олон асуудлыг хөндөж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүсээс тодорхой хариулт авсан юм. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж байгаа Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаарх мэргэжилтнүүдийн байр суурь, хэлэлцээрээс үндэсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг хасах боломжтой эсэх, гадаадаас авч буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх, технологийг нутагшуулах, инновацийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл технологийн паркын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг улсын төсөвт хэрхэн буцааж төвлөрүүлэх, Дарханы арьс ширний үйлдвэрийн паркын төсөл хэрэгжээгүйд ямар дүгнэлт хийж байгаа, паркуудад баригдах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамж, хүртээмж ямар байх тооцоо хийж буй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж бий болох үйлдвэрүүдийг дараа нь хэн хэрхэн удирдаж, авч явах, урьд өмнө гаргасан алдаанаасаа Засгийн газар суралцаж, шинэлэг бүтээлч шийдэл гаргаж буй эсэх, шинээр баригдаж байгаа үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эрэлт хэр байгаа, өрсөлдөх чадвартай эсэх, ялангуяа арьс, нэхийний өртөг, үнийн таатай нөхцөл бүхий зах зээл бий эсэх, Үйлдвэр технологийн паркийн тухай хууль, Шинэ хоршоо, Цагаан алт хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулж, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг суурь асуудлуудыг хөндөн ярив.

Тус Байнгын хорооны дарга С.Ганбаатар үйлдвэрлэл технологийн паркуудад бий болж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагч бий эсэх, технологийн шийдлүүдээ хэрхэн хийж байгаа, хүний нөөцийг бэлтгэх, бий болгох бодлогыг тодорхойлж, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн эсэх, парк дахь татварын хөнгөлөлтийг одоо байгаагаас нь илүү давуу болгож инкубаторын жишигт хүргэх төлөвлөлт байгаа эсэхийг асууж, харилт авсан юм. Тэрбээр, Монголын ард түмнийг аж үйлдвэрлэл ажилтай, орлоготой байлгана гэх бодлого, зорилтоо бид хэрэгжүүлж чадахгүй маш их хугацаа алдаж байна гээд, Улсын Их Хурлын гишүүд үүн дээр бодитой шийдэл гаргах хэрэгтэй байна гэлээ. Сайд нарын мэдээллийг сонссоны дагуу Байнгын хороо удирдамж баталж, ажлын хэсэг байгуулан яамд болон үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шийдэл гаргана гэдгийг тэрбээр хэлэв. Мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар идэвхтэй ажиллана гэв.

ШИНЭ МЭДЭЭ