МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.10
Эдийн засаг, Худалдаа

Н.Батсүмбэрэл: Л.Гантөмөр сайдад загнуулах гэж гишүүн болоогүй шүү

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2025 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Сангийн яам бол энэ хэт их хэтрүүлэн танадаг хэтрүүлэн хэмнэдэг байдалтай бас нэг жоохон анхаармаар байгаа юм. Ер нь эцсийн дүн дээрээ төсвийн тодотгол нь буцчихсан шахуу төсөв нь буцчихсан ийм анхны тохиолдол гарсан. Энэ мэргэжлийн яам өөрөө дотроо ажлаа анхаарах ёстой л асуудал болж таарч байгаа.

Ялангуяа аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагдаж байгаа энэ БХЯ, онцгой байдлын байгууллага ГХЯ гээд. Ингэхдээ энэ тусгай чиг үүргийн улс орны аюулгүй байдалтай холбоотой иргэний амь нас эд хөрөнгийг авран хамгаалахтай холбоотой гадаад улс оронд Монгол Улсыг төлөөлдөг, нэр хүндийг хамгаалдаг, гадаад харилцааны бодлогоор Монголын эдийн засгийг бэхжүүлдэг, энэ ажлыг хийдэг, салбаруудын төсвийг механикаар танадаг байдлыг зогсоох ёстойҮүн дээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо тусгайлан дүгнэлт зөвлөмж гаргаж болмоор байгаа юм.

ГХЯ-ны ажилтнуудын тусгай албан хаагчийн статусын асуудлыг байнгын хороо тусгайлан авч үүн дээр дүгнэлт, зөвлөмж гаргах нь зөв. Бодит амьдрал дээр тэр хүмүүс ямар зардлаар яаж хүнд нөхцөлд ажиллаж бусад улс орнуудтай дипломат аргаар өрсөлдөн ажиллаж байна гэдэг бол бас амаргүй. Тэгэхлээр энийг бид тусгайлан авч үзэж тэр тусгай албан хаагчийн асуудлыг нь бодитойгоор ойрын хугацаанд шийдэж өгөх нь зөв байх.

Энэ төсвийн хэмнэлтийн хуулийг өөрчилье өө илүү сайжруулъя аа. Энэ хууль үүргээ гүйцэтгэсэн зарим талаас улам сайн болгох шаардлага байна. Зарим талаас орон нутагт бас хүндрэл чирэгдэл болоод байгаа асуудлуудыг нь хасах өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж Их хурлын зарим гишүүд гарын үсэг зурж энэ саналыг тавьж байгаа юм. Харамсалтай нь зарим нөхдүүд энийг мушгин гуйвуулж гүтгэж байгаа сураг дуулдана лээ. Үүнийгээ болиорой та нарын ажлыг бид урагш нь явуулахын төлөө энд нэг талд дуугараад байдаг тэгээд гишүүд үг хэлэхээр сүүлдээ загнадаг болох шинжтэй байна лээ. Тэр өнгөрсөн 5 дахь өдрийн чуулган дээр Л.Гантөмөр гээд нөхөр бараг үг хэлсэн гишүүн болгоод загнаж байна лээ. Тэр яамны нөхдүүд энэ тэр сайддаа хэлнэ биз.

Одоо бид нар нэг цаг үеийн асуудлаар хуралддаг болчхоод байна. Байнгын хороо бол нэг хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу эсвэл нэг төсвийн хуулийн дагуу за эс үгүй бол одоо ийм байдлаар байнгын хорооны дарга энэ асуудлыг анхаарч авч үзээд энэ манай харьяанд байгаа энэ батлан хамгаалах салбар, онцгой байдлын салбар, гадаад харилцааны салбарын асуудлыг тусгайлан нэг нээлттэй юм уу хаалттай байдлаар авч үзэх нь зөв байна.

Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал төсөв төслийг эрэмбэлэх асуудлыг Р.Эрдэнэболд гишүүн бол хэд хэдэн удаагийн хурал дээр ярьж байгаа. Шаардлагатай бол хаалттай байдлаар ярих хэрэгтэй. Заавал энэ чинь одоо цэрэг стратегийн шугам зарчмаар биш уламжлалт бус аргаар бас улс орны аюулгүй байдлыг хамгаалдаг зөөлөн бодлогоор явуулдаг ийм асуудлууд байж байна.

Аюулгүй байдлын чиглэлийн асуудал хариуцдаг байнгын хороо байж байна. Энэ гадаад харилцааныхаа асуудлыг ярих ёстой ийм асуудлуудыг байнгын хороо бас нэг тийм авч хэлж яримаар байгаа юм. Тэгээд энэ одоо бас чуулган дээр бас зарим зүйлийг ярья. Тэгээд одоо бас ингээд гишүүд үг хэлэхээр нь сайд загнадаг болчихсон байна лээ. Тэр Л.Гантөмөрт загнуулах гэж гишүүн болж энд суугаагүй шүү" хэмээн ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ