2024.12.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Х.Нямбаатар: Нийслэлийн хэмжээнд 9 байршилд дулааны станц барихаар төлөвлөсөн
БНХАУ-ын Бээжин хотод болсон хөрөнгө оруулалтын “UB Opportunity” арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар оролцжээ.
Тэрбээр хэлэхдээ "Улаанбаатар хот цахилгаан, дулаан хангамжийн тал дээр ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өдөр хоногийг аргацааж байгаа. Бидэнд доголдолгүй тогтвортой эх үүсвэртэй болох хэрэгцээ бий.
Харамсалтай нь, сүүлчийн 40 орчим жил эрчим хүчний эх үүсвэр шинээр нэмээгүй. Тиймээс нийслэлийн зүгээс эрчим хүч, дулааны тархмал эх үүсвэр байгуулах, хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Эдгээр төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах зорилгоор Бээжин хотноо “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулж, БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.
Бид дараах 9 байршилд дулааны станц барихаар төлөвлөөд байна.
Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:
- Зайсан дулааны станц /28 МВт/
- Их засаг дулааны станц /50 МВт/
- Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
- Дүнжингарав дулааны станц /84 МВт/
Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:
- Морингийн даваа дулааны станц /21 МВт/
- Залуус дулааны станц /93 МВт/
- Яармаг дулааны станц /93 МВт/
- Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
- Шархад дулааны станц /121 МВт/