ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана

Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Төрийн банкны Тэргүүн дэд захирал Д.Сугар нар өнөөдөр /2024.12.06/ харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.

Ингэснээр байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүжилтийг өргөжүүлэх, Төрийн банкны тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллах юм.

Засгийн газрын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийн тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн тэргүүлэх зорилтуудын хүрээнд төрийн санхүүжилтийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үндэсний бодлоготой уялдуулах, байгальд ээлтэй, ногоон төсөл хөтөлбөрийг дэмжих, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна.

ХХААХҮЯ, Төрийн банк харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд;

  • Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформын хүрээнд Төрийн банкны тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг дэмжин ажиллах;
  • Төрийн банкны гаргаж буй ногоон санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах нөөц бололцоог судлах, дэмжин ажиллах;
  • Ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжихэд талуудтай хамтран ажиллах;
  • Шинэ хоршоо хөдөлгөөн хөтөлбөрийн санхүүжилтийг үргэлжлүүлэн  мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;
  • Ногоон зээлийн бүтээгдэхүүний хамрах хүрээ, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэхээр болж байна.

ШИНЭ МЭДЭЭ