Ж.Энхбаяр: ХАА-н салбарын төсвийг тойрогтоо жижиглэхийг хүссэн гишүүдийн саналыг хүлээж аваагүй учраас зарим нь ууртай байгаа
2024.12.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Энхбаяр: ХАА-н салбарын төсвийг тойрогтоо жижиглэхийг хүссэн гишүүдийн саналыг хүлээж аваагүй учраас зарим нь ууртай байгаа

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

"2025 ОНЫ ТАНАЛТТАЙ ТӨСВИЙН ХАМГИЙН ХҮНД АЧААГ ҮҮРЧ БАЙГАА ЯАМДЫН НЭГ НЬ МАНАЙХ"

-Монгол Улсын 2025 оны төсөв 2.4 их наяд төгрөгөөр танагдсан буюу орлого, зарлагыг 33.4 их наяд төгрөг байхаар ЗГ-аас төлөвлөснийг УИХ хэлэлцэж байгаа. Яамдын төсвөөс жигд байдлаар таналт хийсэн гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. ХХААХҮЯ-ны төсвөөс төлөвлөгдсөн байсан ямар зардлууд хасагдаад байгаа вэ?

-Төсөв алдагдалгүй байх ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Засгийн газарт үүрэг өгчихсөн. Энэ бол зарчмын асуудал. Ингээд төсөвт 2.4 их наяд төгрөгийн хэмнэлт буюу таналт хийсэн байгаа. Энэ дотроос 3-4 яам хамгийн том ачааг үүрч байгаа. Нэг нь манай яам.

Тодруулбал, 130 тэрбум төгрөгийн хасалт хийсэн. Манай яамны хэрэгжүүлдэг “Шинэ хоршоо”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын 4 аян- гэсэн үдсэн гол дөрвөн төслөөс 100 гаруй тэрбум төгрөгийг хассан. Үлдсэн 30 орчим тэрбум төгрөг нь яамны урсгал зардлаас хасагдаж байгаа. Ингэхдээ Засгийн газраас жигд 10 хувь танах шаардлагын хүрээнд хасагдаж байгаа юм.

Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. Эхний батлагдсан төсөв нэлээд өргөн амбицтайгаар тооцоолж, түүнийгээ ч бид батлуулж чадсан байсан. Харин хасагдсан хэмжээнд мэдээж бодлого зорилтууд буурч байгаа боловч муу зүйл биш. Салбар яам 2025 онд өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

"ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХЭЭР ЗОРЬЖ АЖИЛЛАНА"

-ХХААХҮЯ ирэх онд улсад төвлөрүүлэх орлогоо юу юунаас бүрдүүлэхээр зорьж ажиллаж байгаа вэ.

- ХХААХҮ-ийн салбарт хоёр хүн тутмын нэг нь ажиллаж байгаа учраас хамгийн их ажил олгож байгаа салбар. 600 гаруй мянган хүн энэ салбарт ажиллаж байна. Энэ утгаараа нийгмийн тогтвортой байдлыг хангаж байгаа суурь салбар. Нөгөө талаас салбар маань эх орондоо валют оруулж өгдөг.

Өнөөдрийн байдлаар бид нэг тэрбум орчим ам.долларын экспорт хийдэг салбар болчхоод байна. Бидний хувьд экспортыг хоёр тэрбум ам.долларт хүргэх, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилготой.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийнхээ боловсруулалтыг сайжруулах, газар тариалангаас экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олноор бий болгох том зорилт тавин ажиллаж байгаа. Түүний тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлаж төвийн бүсэд яам маань шилжин очиж, тавьсан зорилтоо хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Төвийн бүс өөрөө хуучин системийн үед хамгийн гол шилмэл мал аж ахуйтай бүс. Гахай,тахиа, сүүний эрчимжсэн ААН-үүдтэй. Дээр нь хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн гол цөм энэ бүс нутагт бий. Хүн амын нөөц, дэд бүтэц, шинжлэх ухаан, соёлын байгууллагууд төвлөрсөн цөм нь гэж үзэж байгаа.

Тиймээс энэ бүс нутагт яаралтайгаар хөдөө аж ахуйг эрчимжүүлэн төрөлжүүлэх, үүнд тулгуурласан хөнгөн хүнсний аж үйлдвэрүүдийг бий болгох том үүрэг манай яаманд ирсэн. Үүнийг хэрэгжүүлэхээр бид бүс нутагт үйл ажиллагаагаа чиглүүлж хэрэгжүүлж байгаа. Яамны бүтцийн 70 гаруй хувь нь Дарханд шилжин очоод үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байна.

"ГАНЦ ХӨВСГӨЛ АЙМГИЙН СУМДАД ХЭРЭГЖИХ БЯСЛАГИЙН ҮЙЛДВЭРЭЭС ИЛҮҮ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ САЙЖРУУЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА"

-Төсөв хэлэлцэгдэх явцад ТБХ-ны дарга бяслагийн үйлдвэрийг яаралтай барьж ашиглалтад оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Тухайн үед, одоо ч тэр энэ сэдэв гишүүдийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулж байна. салбарын сайдын хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ?

- Өмнө нь төсөв дээр гарсан нэг зүйл нь гишүүд тойрогтоо хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг тойргийн маягаар задалж тавиад түүнийгээ янз бүрийн нэр томьёотойгоор ХХААХҮ-ийн сайдын багцад нэмдэг байсан. Түүнийг үндсэндээ яам хүлээж авахгүйгээр татгалзаж байгаа. Ингэж төсвийг задалдаг, жиргэдэг, орон нутгийн байдалтайгаар хөрөнгө ашиглалтыг саармагжуулснаар бодит үр дүнд хүрээгүй. Харин яг бодлогын буюу аж үйлдвэрийн паркуудыг бий болгох, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ эцэслэн боловсруулах, малчид руу чиглэсэн хоршоожуулах, зохион байгуулалтад оруулах, үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх гэсэн том зорилтууддаа бид хөрөнгө оруулалтыг дайчилж байгаа.

Тиймээс шинэ төсвийн төсөлд жижгэрсэн орон нутгийн чанартай төслүүд байхгүй. Үүнийг хүлээж аваагүй. Мэдээж жижиглэхийг хүссэн гишүүд нэлээд бий. Нэрийг нь дурдаад яах вэ. Зарим нь жаахан ууртай байгаа. Тиймээс төсвийг дахиж жижиглэж, жиргэж болохгүй.

-Тэгэхээр бяслагийн үйлдвэр салбарын зорилтын хэд дэх асуудал юм бэ? Нэн шаардлагатай барих ёстой үйлдвэрүүд юу байх вэ?

-Салбарын эрхлэх ажлын хүрээнд сүү боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж эцсийн бүтээгдэхүүн хийх нь бяслагийн үйлдвэрээс илүү нэн тэргүүнд улс оронд хэрэгтэй.

Бяслагийн үйлдвэрийн асуудал өмнөх парламентын үед хэлэлцэгдээд батлагдсан зүйл юм билээ. Өөрөөр хэлбэл шилжин хэрэгжих төсөл дунд явж байгаа гэсэн үг. Тиймээс 2025 оны төсөвт нэмж мөнгө төлөвлөөгүй.

Миний авсан мэдээллээр үйлдвэрийн гүйцэтгэл нь дуусаад ашиглалтад бараг орж байгаа гэж ойлгосон. Энэ төсөл зөвхөн Хөвсгөл аймгийн сумуудын түвшинд хэрэгжиж байгаа төсөл юм билээ.

"ЯАМНЫ БАЙР НҮҮСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ШИЛЖИХ АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШАТ ДАРААТАЙ ШИЙДНЭ"

-Танай яам Дархан руу нүүсэнтэй холбоотойгоор зарим ажилтан, албан хаагчид амьдралын шаардлагаар ажлаасаа гарсан тухайгаа ярьж байсан шүү дээ. Жишээ нь Улаанбаатар хотод ипотек төлдөг байсан хүн ажлын шаардлагаар Дарханд шилжин суурьшлаа гэхэд орон байрны асуудал тулгамдаж, давхар ипотект хамрагдах боломжгүй учраас ажлаасаа гарсан тохиолдол ч бий. Үүнийг хэрхэн анхаарч зохицуулах вэ?

-Яам нүүсэн асуудалтай холбогдуулан юун түрүүнд УИХ, ЗГ-ын шийдвэрүүд гарсан байдаг. Төрийн захиргааны байгууллагуудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу орон нутаг руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Тэр дундаа төвийн бүсийг хөдөө аж ахуйг түшиглэн төрөлжүүлэх, эрчимжлүүлэх аж үйлдвэржилтийн бүс болгон зарласан. Төвийн бүсэд хэрэгжүүлэх гол ажлууд манай яаманд ноогдож байгаа. Бид ээлж дараатай зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна. Яамны ажилтан, албан хаагчдад тулгамдаж байгаа нийгмийн асуудал буюу орон сууцны асуудлыг үе шаттай шийдэж ажиллаж байгаа.

Энэ ондоо багтааж бид 100 гаруй албан хаагчдын асуудлыг шийдээд байна. Монголбанктай тохирч ипотекийн эх үүсвэрийг шийдвэрлүүлсэн. Өөрийн тодорхой эх үүсвэрээс 30 хувийн урьдчилгаа төлж байгаа.

Мөн өөрт байгаа нөөц зарим хөрөнгийг борлуулснаас үүсэх хөрөнгийн эх үүсвэрээр албан тушаалын орон сууцуудыг 100 хувь авах үүрэг Засгийн газраас авагдсан байгаа.

-Төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа юм бэ?

-Төрөөс олгох дэмжлэг хязгаартай. Тодруулж хэлбэл, төрийн орон сууцанд хамруулах гэсэн хэлбэрээр л явж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ