МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Уянга: Уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн хувьд ашигтай байхад нь ашиглах нь зөв
2024.12.10
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Уянга: Уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн хувьд ашигтай байхад нь ашиглах нь зөв

Өнгөрсөн сард Их хурлаар Цөмийн энергийн тухай хууль батлагдсан. Хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Уянга ажилласан. Түүний хувьд Цөмийн энергийн тухай хуульд санал оруулж батлуулсан. Тодруулбал, “Франц улстай хамтарсан ураны төсөл хэрэгжих хугацаанд, цацрагийн хяналт, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх явцад тогтмол хугацаанд Олон Улсын хөндлөнгийн байгууллагаар хянуулна” гэсэн саналыг оруулсан. Энэ нь өөрсдийгөө хамгаалах нэг хэлбэр юм. Б.Уянга гишүүн ашигт малтмал гэдэг нь тухайн цаг хугацаандаа ашгаа өгч, үр өгөөжтэй байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Уран дээр ч ийм байр суурьтай байгаа.

Дэлхийд эрэлт нь өсөж, эрчим хүчний эх үүсвэр болдог ураны үнэ тогтвортой байж, өсөх нь тодорхой харагдаж байгаа. Магадгүй цөмийн эрчим хүчийг орлох өөр бүтээгдэхүүн гарч ирэхэд, уран үнэгүйдэх боломжтой. Иймд тухайн уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн хувьд ашигтай байхад нь ашиглах нь зөв. Дэлхий нийт эрчим хүчний нүүрсний хэрэглээнээс татгалдаж байна. Дараагийн эрчим хүчний эх үүсвэр болох ураны нөөц манай улсад бий. Цахилгаан станц дээр ашиглагдаж буй цөмийн түлшний анхдагч түүхий эд болох ураны шар нунтаг нь Монгол улсын олборлохоор зорьж буй ашигт малтмал.

Үүнийг гараараа барьж болдог. Гэтэл иргэдийн дунд урантай холбоотой буруу, ташаа мэдээлэл их байдаг бөгөөд шар нунтаг маш хортой хүн, мал хордож үхдэг гэж ярьдаг. Энэ нь судалгаагаар нотлогдоогүй гэж манай улсын эрдэмтэн, судлаачид тогтоосон. Энэ талаар дээрх хуулийг хэлэлцэх явцад хангалттай мэдээлэл хүргэсэн. Харин шар нунтгийг баяжуулаад, өндөр технологиор дамжин атомын цахилгаан станцын түлш болох үед л цацрагийн аюул яригддаг. Манайд бол энэ бүхэн хол, хуулийн хүрээнд зөвхөн шар нунтгаа л гаргаж авах юм.

Түүнчлэн дэлхийн хөгжилтэй орнуудад уран олборлохдоо хамгийн сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлэн газрын доорх уусган олборлох /ГДУО/ аргыг ашигладаг. Манай улс ч энэ аргыг ашиглан уран олборлож байна. Тухайлбал, Казахстан улсад “Орано” группийн хамтарсан Катко компани 20 жил энэ аргыг ашигласан бөгөөд хүн малын эрүүл аж амьдрах нөхцөлд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөөгүй байна. Иймд дэлхийн ураны нийт нөөцийн 2%-ийг газрын хэвлийдээ тээж буй манай улс дэлхийн зах зээлд гол тоглогч болох боломж байна.

ШИНЭ МЭДЭЭ