Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны хуралдаан боллоо
2024.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны хуралдаан боллоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны хуралдаан боллоо. Хуралдаанаар:

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2023-2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт;
  • 2024-2025 оны зудын эрсдэлийн үнэлгээ;
  • Гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази, Номхон далайн бүсийн чиг хандлага болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл (КАДРИ)-ээс Монгол Улсад хийгдсэн үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийн танилцуулга;

Гамшгийн эрсдэлийг бууруулах оролцооны талаар болон хуралдаанаас гарах зөвлөмжийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хуралдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон хүүхдийн төлөөлөл оролцов.

Гамшгийн эрсдэлийн дэлхийн үнэлгээний тайланд ирэх 10 жилийн хугацаанд уур амьсгал, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн эрсдэл маш өндөр байгааг тодорхойлжээ. Манай улсын хэмжээнд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдлийн тоо давтамж ч 2015 онтой харьцуулахад 2.9 дахин нэмэгдсэн. Сүүлийн 16 жилийн хугацаанд зургаан удаагийн зудын гамшиг нүүрлэсэн нь ч тохиолдол биш юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эдгээр гамшгийн эрсдэл нь аль ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг биднээс шаардаж байна. Өдөр ирэх тусам аюул занал нэмэгдэж байгаа асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, бүх шатанд илүү дэвшилтэт, илүү уялдаатай, шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага бий болсон. Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг нарийвчлан тооцож, гамшигт тэсвэртэй дэд бүтэц бий болгох, үүсэж болзошгүй хямрал гамшгийг урьдчилан таамаглах боломж нөхцөлийг улам нарийвчлан тогтоох, даван туулах, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай.

Гамшгийн өмнө урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтыг хэдий чинээ нэмэгдүүлнэ, гамшгийн дараа учирч болзошгүй хохирлын хэмжээ, түүнд зарцуулах зардлын хэмжээ багасдаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдснаас хойшхи зургаан жилийн хугацаанд "Гамшгаас хамгаалах хууль"-ийн дагуу нийт 134.5 тэрбум төгрөгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд тусган хэрэгжүүлсэн.

Нөгөөтээгүүр, аливаа гамшиг, аюулт үзэгдэл, осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийг даван туулах чадавхыг бий болгох, бэхжүүлэх асуудал зөвхөн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Үүнийг системийн хэмжээнд авч үзэх ёстой. Тиймээс Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хурлаас гарсан шийдвэр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн бүсийн сайд нарын бага хурлаас гарсан “2024-2027 онд хэрэгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээг салбар яамдын гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, хөгжлийн баримт бичгүүдэд уялдуулан тусгаж хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг бүх шатанд хэрэгжүүлэх шаардлагатай юм.

ШИНЭ МЭДЭЭ