МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Боловсролын салбарын нөхцөл байдал, бодлого хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцуулав
2024.12.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Боловсролын салбарын нөхцөл байдал, бодлого хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцуулав

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн нэгдсэн холбооны 9-р чуулга уулзалт Төрийн ордонд боллоо. 

Тус чуулга уулзалтыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон МЭИТМЭХолбоотой хамтран боловсрол, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэржилт сэдвийн хүрээнд зохион байгуулжээ. 

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцож, “Боловсролын салбарын нөхцөл байдал, бодлого хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ “Боловсролын салбарын хувьд хуулийн томоохон реформ хийсэн. Хууль батлагдсан бөгөөд үүний дараагийн чухал асуудал бол хуулийн хэрэгжилт байдаг. Энэ хүрээнд чухал асуудлуудыг хөндсөн хэлэлцүүлэг боллоо” хэмээв. 

МЭИТМЭ-ийн нэгдсэн холбоо нь 2012 оноос эмэгтэй эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт болон шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой үүсэн байгуулагдсан. 2015 оноос жил бүр хуран цугларч бүтээсэн ажлаа дүгнэж, шинэ санаа, инновацийн талаарх ололт амжилтаа хуваалцаж, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсохоор гишүүдийн чуулга уулзалтаа зохион байгуулж ирсэн байна.

Эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбоо одоогийн байдлаар нийт 21 удирдах зөвлөлийн гишүүд, 600 идэвхтэй гишүүдтэйгээр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануур гэсэн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй.

  • Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа “Хариуцлагатай уул уурхайн өгөөж, хүнд үйлдвэрийн салбарын ирээдүйн чиг хандлага”
  • МЭИТМЭ-ийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга, доктор Ж.Туяацэцэг “Боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийн асуудал” 
  • МЭИТМЭ-ийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дархан салбарын тэргүүн, доктор П.Мэнд-Амгалан “Шинжлэх ухаан, технологийн паркийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр  тус тус илтгэл танилцуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ