МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн төсвөөс хассан нь иргэдийг эмнэлэг рүү чиглүүлж байгаагийн илрэл
2024.12.10
Эдийн засаг, Худалдаа

О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн төсвөөс хассан нь иргэдийг эмнэлэг рүү чиглүүлж байгаагийн илрэл

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун зарчмын зөрүүтэй саналууд хэлж, зарим нь дэмжигдэв. 

Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч үр ашигтай байдал эргэлзээтэй байна гэсэн.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг халдварт болон халдварт бус өвчний хяналт, орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, шим судлал, нийгэм, сэтгэц, зан үйл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн лаборатори, онцгой байдлын хариу арга хэмжээ зэрэг найман чиглэлийг хуульчилсан боловч төсөв санхүүгийн хүртээмжийг харахад эдгээр чиглэлийн зорилтууд хангалттай хэрэгжихээргүй байгаа.

Нийгмийн эрүүл мэндийн төсвөөс хассан нь энэ салбарын бодлогыг урьдчилан сэргийлэхэд бус улам бүр эмнэлэг рүү, эмчлэх чиглүүлж байгаагийн нэг илрэл” гэдгийг онцлов. 

“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн С.Зулпхар, О.Саранчулуун, Ц.Идэрбат, Ж.Чинбүрэн нарын гаргасан гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын харьяа газар, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн зарчмаар хангах эрхийг төсвийн ерөнхий ерөнхийлөн захирагчид олгох, мөн тус салбарын харьяа шинээр барилга баригдах хөрөнгө батлагдаагүй нэн шаардлагатай зарим газар, байгууллагад түрээсийн барилга ашиглаж үйл ажиллагаа явуулах гэсэн заалтууд нэмэх зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Б.Бейсен, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар 2025 онд дуусгахаас бусад хөрөнгө оруулалтын санхүүжүүлэх дүнг 40 тэрбум төгрөгөөр бууруулж, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхээр тусгах зохицуулалт хийх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус тул санал хураалгалгүй ажлын хэсэгт бичгээр явуулахаар тогтжээ.

ШИНЭ МЭДЭЭ