Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2024.12.06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
УИХ-ын гишүүн П.Ганзориг байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Хууль тогтоомжийн төслүүдийн талаарх танилцуулгад, Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэсэн байв.
Мөн төсвийн урсгал зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэж байлаа.
Хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.