Монгол Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны VIII хуралдаан болов
2024.11.11
Гадаад харилцаа

Монгол Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны VIII хуралдаан болов

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан энэ сарын 11-нд Сөүл хотноо болов.

Хуралдааны эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд, хоёр орны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэй болохыг онцлолоо. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн илүү өргөн боломж нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, яриа хэлэлцээ амжилттай явагдаж буйг сайшаан тэмдэглэв.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрт БНСУ-аас хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар талууд санал солилцлоо. БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, “Солонго 1, 2”, “Баянголын аманд орон сууцны хороолол”, Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв зэрэг төсөл амжилттай хэрэгжиж буйг сайшаан тэмдэглэв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс нутгуудын тэгш байдлыг хангах, хот байгуулалт, дахин төлөвлөлтийг сайжруулах, хүнд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр БНСУ-ын сайн туршлагаас судалж, хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал, Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт болон Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаар тогтов.

Улаанбаатар хотод метро байгуулах ажилд БНСУ-ын компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байгааг талууд тэмдэглээд, цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Хоёр улс байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон эрүүл мэндийн салбарт нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд үргэлжлүүлэн хамтарч, холбогдох яамд хоорондын зөвлөлдөх механизмаар дамжуулан цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцохоор тохиров.

Ирэх 2025 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний хүрээнд монголын талаас БНСУ-д соёл, урлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлж, талууд аялал жуулчлал, соёл, урлагийн салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр улсын иргэдийн солилцоо эрчимтэй явагдаж байгааг талууд онцлон тэмдэглэж, цаашид хоёр улсад оршин сууж буй Монгол, Солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, эмчилгээний болон бизнесийн зорилгоор зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр анхаарч, хамтран ажиллахаар болов. Талууд хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг цаашид ч дэмжиж ажиллахаа нотлов.

Хуралдааны хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Мин, Хүний нөөцийн удирдлагын сайд Ён Вон Жон нартай тус тус уулзаж, төрийн үйлчилгээг цахимжуулах, хаягжуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн албаны шинэчлэл болон төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар ярилцав

ШИНЭ МЭДЭЭ