110 дугаар сургуулийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Сургалт Хүмүүжлийн тусгай байгууллагад хяналт шалгалт хийж, тус байгууллагын дэргэдэх Нийслэлийн Ерөнхий Боловсролын 110 дугаар сургуулийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцлаа.
Хяналт шалгалтын хүрээнд сургуулийн орчны аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан анги, танхимд хичээллэж байгаа эсэх, Боловсролын ерөнхий хуульд заасан сурагчийн эрх, үүргийн хэрэгжилт зэрэгт хяналт тавин, сурагчид болон багш ажилчидтай ярилцаж, нөхцөл байдлыг газар дээр нь шалгалаа.
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь өсвөр насны хүүхдэд ерөнхий боловсрол олгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу үе шаттай зохион байгуулдаг.
Сургалтын албанд хяналтын багш 2, багш 6, номын санч 1, эмч 1, сургалтын менежер 1, нийгмийн ажилтан 1, сэтгэл зүйч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 47 өсвөр насны хүүхэд сурч хүмүүжиж байна. Үүний 9 хувь нь бүтэн өнчин, 41 хувь нь хагас өнчин, 30 хувь нь хойд эцэг, эхтэйгээ амьдардаг бол 2.3 хувь нь өргөмөл, 1.5 хувь нь асрамжийн газар өссөн гэдэг мэдээлэл өглөө.
Хэдийгээр Сургалт Хүмүүжлийн тусгай байгууллагын барилга шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ч одоо ашиглагдаж байгаа барилга нь дулаан алдагдал ихтэй, ариун цэврийн өрөө хүрэлцээгүй, эрэгтэй, эмэгтэйгээр нь тусгаарлах шаардлагатай зэргээр хөдөлмөрлөх орчин нөхцөл хангалтгүй байв.
Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллах болно.