Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсийн дарга нар болон холбогдох албан тушаалтантай уулзав
Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул нар Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Улаанбаатар хотын 9 дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсийн дарга нар болон холбогдох албан тушаалтантай уулзаж, санал солилцлоо.
Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдаж Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх, Нөхцөл байдлын үнэлгээ хийх, Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал зэрэг нийт 14 журам, 6 стандарт, 5 хөтөлбөр, 2 төлөвлөгөө батлагдах ёстой.
Гэвч дээрх журам, стандарт, төлөвлөгөө зэргийг боловсруулж, батлуулаагүй байгаа нь хүүхдийн эрх зөрчигдөх, цаашлаад хуулийн хэрэгжилт хангалтгүй байх, хууль хэрэглээний тодорхойгүй байдал үүсэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо алдагдах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчдын ажлын чиг үүрэгт тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй тул уг асуудалд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатайг Комисс цохон тэмдэглээд хүүхдийн эрхийг хүн бүр хамгаалах үүрэгтэй, тэр дундаа төрийн чиглэсэн байгууллагууд энэ үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарах ёстой гэлээ.
Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд 2024 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын хооронд хяналт шалгалт хийсэн талаар товч танилцууллаа. Тус хяналт шалгалтаар хүүхэд тээвэрлэх үйлчилгээг хэрэгжүүлдэггүй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдэд эрүүл ахуйн дадал, чадвар олгох үйлчилгээ, хүүхдийн хөгжлийн хөтөлбөр зэрэг хангалтгүй байна гэж Комисс дүгнэсэн юм.
Мөн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй, зуслангийн орчинд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө боловсруулж, батлаагүй, хэрэгжүүлдэггүй. Зуслангийн байр, объект болон амарч буй хүүхдүүд гэнэтийн ослын болон бусад төрлийн даатгалд хамрагддаг эсэх нь тодорхойгүй, хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж хамгаалж буй байдал хангалтгүй зэрэг нөхцөл байдал илэрсэн талаар танилцуулж, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийх, стандартын шаардлага хангаагүй зуслангуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож буй албан тушаалтанд хариуцлага тооцох, MNS 5633:2023, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа стандартын шаардлага хангаагүй зуслангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, төрийн байгууллагын шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд зөвшөөрлийг нь цуцлах нь гэдэг байр суурийг илэрхийллээ.
Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай хийсэн дээрх уулзалтаар Улмаар унаач хүүхдийн эрхийг хамгаалах, өнөөгийн нөхцөл байдал болон “Зөв амьдрах ухаан” ТББ-ын халамжид байгаа хүний эрхийг асуудлыг хөндөж ярилцлаа.
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын халамжид 2024 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 45 хүүхэд байгаа бөгөөд үүнээс 29 нь сургуулийн өмнөх боловсролд, 26 нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байна. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхэд, бүтэн өнчин 3 байгаа бол 12 хүүхдийн эцэг, эх хүүхдээ хаяад 1 жил орчим болж байгаа, 6 хүүхдийн асран хамгаалагчаар тус төвийг томилсон зэрэг байдалтай байна.
Тиймээс төв дэх хүүхэд бүр дээр хувийн хэрэг нээж төлөвлөгөө гаргаж ажиллах, асрамж халамжийн үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй үзүүлж байгаа “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл авахад арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Комиссын гишүүний хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлд талууд санал солилцлоо.
Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгаж, холбогдох саналын хамт Улсын Их Хуралд хүргүүлсний дагуу УИХ-ын 37 дугаар тогтоол батлагдсан юм.
Дээрх сэдвийн агуулгаас зарим асуудал нь УИХ-ын 37 дугаар тогтоолд тусгагдаагүй тул 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Комиссын гишүүний 02/27 зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу хүргүүлсэн. Гишүүний зөвлөмжид дараах асуудлыг талууд анхаарч ажиллах шаардлагатай байгааг тус уулзалтаар онцоллоо.
Үүнд,
- 1. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр батлагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бодлого, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг бодитой, үнэн зөв дүгнэх, дүн шинжилгээ хийх;
- 2. Хагас болон бүтэн өнчин хүүхдийн асуудлаар тусгайлсан бодлого, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
- 3. Хүүхдийн асрамж халамжийн төвийг төрөлжүүлэх;
- 4. Шүүхээс эцэг, эх байх эрхийг хассан, хязгаарлаж буй шийдвэрт хүүхдийн асуудлыг бүрэн хэмжээнд (хүүхдийн аюулгүй байдал, өмч хөрөнгө, эрүүл мэнд, боловсролын асуудал) шийдвэрлэж, хагас болон бүтэн өнчин болж буй хүүхдийн өмч хөрөнгийг хамгаалах (өвлөгдөх) зохицуулалтыг боловсронгуй болгох;
- 5. Бүтэн өнчин хүүхдийн тодорхойлолтод багтаж байгаа хүүхэд бүрд асрамж халамжийн төвд байгаа эсэхээс үл хамааран тэтгэвэр, тэтгэмжийг тодорхойлолтод заасан нөхцөл байдал үүссэн өдрөөс эхлэн тооцон олгох, хагас болон бүтэн өнчин хүүхдэд төрөөс олгож буй тэтгэвэр, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлж, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээг үр дүнтэй цогц байдлаар үзүүлэх;
- 6. Хүүхэд үрчлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулж тогтмолжуулах;
- 7. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцын хөнгөлөлтөд болон сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах, нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг бодитой тооцож, хэрэгцээнд нь тулгуурлаж тогтоох.