Б.Дэлгэрсайхан: Туркменистан улстай тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ
2024.10.21
Зам, Тээвэр

Б.Дэлгэрсайхан: Туркменистан улстай тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан улсад төрийн айлчлал хийх үеэр манай хоёр улс хоорондын автотээврийн болон агаарын тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичгүүдэд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гарын үсэг зурсан юм.

Энэ хоёр хэлэлцээр байгуулагдсанаар бид автотээврээр саадгүй харилцан болон дамжин өнгөрөх тээвэр хийх, агаарын тээврийн чиглэлээр шууд нислэг хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжууд нээгдлээ. Тухайлбал агаарын тээврийн харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Харин Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм. Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

ШИНЭ МЭДЭЭ