2024.10.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
О.Цогтгэрэл: Баян чинээлэг болох боломжийг Баялагийн сангийн хуулийн нэг заалт хааж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.18/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлуудыг жагсаавал олон зүйл бий. Эдгээрийг зэрэг шийднэ гэвэл яван явсаар яавал баян чинээлэг амьдрах вэ гэдэг дээр тулж очих байх. Баян чинээлэг болчихвол ардчилсан тогтолцоо ч бэхжих гарц ч болно. Мөн баян чинээлэг болно гэдэг гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ, гаднаас юу олж ирж байна вэ гэдэг түлхүүр нь болох байх. Энэ хоёрыг хангаж байгаа, экспортыг нэмэгдүүлэх боломж бол уул уурхай л байна. Гадны хөрөнгө оруулалтыг татах боломж уул уурхай л байна. Гэхдээ нэг талдаа уул уурхайг үзэн ядсан, гэхдээ баян чинээлэг болохыг хүссэн ард түмэн. Төр засаг нь ч үүндээ таарсан бодлого явуулдаг.
Юу хэлэх гээд байна вэ гэвэл өнгөрсөн хавар батлагдсан Баялагийн сангийн тухай хууль байна. Энэ хуулинд баян чинээлэг болох боломж, гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх боломжийг хаасан нэг заалт орсон. Тэр нь Стратегийн ордын 34 хувийг төр авна гэсэн заалт. Байгалийн баялагийн нэлээд хувь нь ард түмэнд очих зарчим бол зөв. Үндсэн хуулийн үзэл санааг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ яаж авах вэ. Яг 34 хувийг нь авна гэчихээр хэн хөрөнгө оруулах билээ. Хэн Монголын төртэй ойлголцож явах вэ.
Гэхдээ энэ болгон Баялагийн сангийн энэ хуулиар хязгаарлагдчихсан байгаа. Эдийн засаг жаахан өсөх аядаж байсан 2012 онд бид хөрөнгө оруулалтыг хаасан “гоё” нэртэй хууль гаргаж л байсан. Багахан цонх нээгдэж байгаа энэ үед ийм зүйл л болчихлоо гэж харж байна.
Яагаад 34 хувь дээр ийм эмзэг байгаад байна вэ гэхээр Оюутолгойн 34 хувийг авснаас болоод буруу шийдвэр болчихлоо, өр зээл нь хүртэл бидэнд хамаатай болчихлоо, шинээр оруулах хөрөнгө мөнгө нь байхгүй болчихлоо гэсэн энэ сургамжаа Баялагийн сангийн хуулинд юу гэж бодож байгаа вэ. Энэ заалт л хөрөнгө оруулалт зэрэг олон боломжуудыг хааж байна.
Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуульд байгаа зүйл, заалтаа яах вэ. Давуу эрхийн хувьцаа гээд нэн түрүүн ашгийг нь авдаг, өр зээлд нь оролцдоггүй тийм боломж бидэнд байгаа. Тэгэхээр тогоогоо яаж томруулах вэ гэсэн үндсэн асуудалд боомилсон зүйл заалтад цаашид ямар гарц шийдэл байна вэ.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.