Х.Нямбаатар: Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын I шатыг аравдугаар сарын 3-нд зарлана
Улаанбаатар хотын зүгээс дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлээд хэдийн эхэлсэн. Тэр дундаа авто зам, гүүрэн байгууламж барих бүтээн байгуулалтыг шинэ түвшинд хийж байгаа. Үүний нэгэн жишээ бол сүүлийн 10 жил зөвхөн яригдсаар ирсэн метро барих төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан. Улмаар БНСУ-ын “Духуа инженеринг” ХК өнгөрсөн долоодугаар сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм.
Төлөвлөгөөний дагуу энэ аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл метро барих төслийн талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төслийн менежер, инженер Т.Даваадалайтай ярилцлаа.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээ хуваарийн дагуу хийгдээд явж байна. Барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3-нд эхлэхээр төлөвлөж байна. Бидэнд өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон төслүүд болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк , Сэлбэ дэд төв, Шар хад дэд төв, Баянхошуу дэд төв, хог шатаах болон лаг боловсруулах үйлдвэр, хот доторх хурдны замууд, хоёрдугаар түвшний замууд зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа гүйцэтгэхэд инженер, техникийн ажилчид хамгийн чухал байна. Монгол Улс дэлхийд эдийн засгаараа буюу дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний жагсаалтаар 140 дүгээр байрт дөхөөд явж байна. Гэсэн ч дэлхийн эдийн засгаараа хүчирхэг эхний 40 орон хэрэгжүүлж байгаа метро, хурдын замын төслүүдэд бид оролцож байна. Тиймээс төслүүдийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчийг нөхөх хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийхэд тендер шалгаруулалтын нөхцөлийг ч мөн шинэчлэх хэрэгтэйг би хэлсээр байна. Анхдагч хэрэгцээгээр хангах Африкийн орнуудад зориулсан хуулийг манайх шиг том бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн улсад хэрэглэхэд тохиромжгүй” хэмээн хэллээ.
Аж үйлдвэр, инженерийн том төслүүд дээр ажиллах хүч яагаад дутагдаж байгаа талаар инженер Т.Даваадалай Хотын даргад хариулт өгсөн. Тэрбээр “Бид өмнө нь дандаа ашиглалт буюу бусдын бүтээгээд өгсөн зүйлс дээр ажилладаг байсан. Харин өнөөдөр бид аж үйлдвэрийн том төслүүдээ хэрэгжүүлэхэд бүхнийг эхнээс нь өөрсдөө гардаж бүтээн байгуулна. Үүнд туршлага, сэтгэл, зүтгэл бүх ур чадвараа гаргаж хийж харуулах хэрэгтэй. Мөн дэлхийн хэмжээний том төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай инженер, техникийн ажилчдыг улсдаа авчирч ажиллуулах нь таны хэлснээр чухал байна” гэдгийг тодотгосон юм.
Ийнхүү нийслэлд хэрэгжүүлж буй дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын нэг метро барих төслийн барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлнэ. Зөвлөх үйлчилгээ, инженеренгийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна.