ХЭҮК-ын гишүүд Пер Августссон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул нар Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази-Номхон далай, Латин Америкийн газрын захирал Даниел Волвен болон Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пер Августссон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. /2024-09-16/
Уулзалтын эхэнд Швед Хаант Улсын парламент, Лундын их сургууль болон Раул Валленбергийн хүрээлэн нь Хүний эрхийн Үндэсний Комисст дэмжлэг үзүүлж ирсэнд Комисс талархал илэрхийлж, цаашид хүний эрхийн сургалт, судалгааны чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Улмаар Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхийн үндэсний механизмтай холбоотой гарсан ахиц, дэвшил, Хүний эрхийн индекс боловсруулах ажил болон “Хүний эрх ба технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтын явц, нийгэмд үзүүлэх ач холбогдлын талаар танилцууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хуулийн хэрэгжилтэд 2 жил тутамд үнэлгээ хийж УИХ-д өргөн барьдаг. Энэ хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22, 23 дахь илтгэлд улс төр болон гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг тусгаж, УИХ-аас холбогдох шийдвэрийг гаргуулсан.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо 25 болж өссөн нь шийдвэр гаргалтын төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буйн тод илрэл. Цаашид Комисс нь хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байр, гэр бүлийн хүрээн дэх жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, сургалт, нөлөөллийн ажилд түлхүү анхаарч ажиллаж байна гэв.
Ноён Пер Августссон, Даниел Волвен нарын зүгээс Монгол Улсад хүний эрхийн баталгааг хангахад ХЭҮК чухал үүрэг гүйцэтгэж, бодлогын томоохон өөрчлөлт, ахиц дэвшил гаргаж байгаад талархал илэрхийлж, хэвлэлийн эрх чөлөөний байдал, иргэний нийгмийн орон зайг хамгаалах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгааг сонирхож асуусан.
ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд Хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон Тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт, Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтыг тусгаж, холбогдох загвар хуулийн төслийн хамт УИХ-д өргөн барьсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний зохицуулалтаар дамжуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ иргэний нэр төр, алдар хүнд, хувийн мэдээллийг хамгаалах зэрэг өргөн хүрээтэй асуудал учир Комисс уг асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байна гэлээ.