Худалдааны эрх зүйн орчныг бүрдүүлсэн мэт боловч нэгдсэн бодлого дутуу байсаар ирсэн!
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс өнгөрсөн хугацаанд 50 орчим хуулийн 100 орчим голлох заалтуудаар худалдааны харилцааг хэсэгчилсэн байдлаар зохицуулж ирсэн байна.
Үүнийг өнгөц хархад эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн мэт харагдаж байгаа ч худалдааны салбарт нэгдсэн бодлогын асуудал дутмагшилтай байгааг судлаачид болоод бизнес эрхлэгчид хэлдэг. Түүнчлэн нэр томъёо болон зохицуулах асуудлуудын хувьд ч асуудал дагуулсаар ирсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Худалдааны тухай хуулийг батлуулна гэсэн зүйл заалтууд орсон. Иймд тус хуулийг өргөн барихаасаа урьтаад тус хууль үнэхээр хэрэгтэй эсэх. Хэрэгтэй бол яагаад, хэрэггүй бол яагаад гэдэг асуултад зайлшгүй хариулах шаардлагатай байгаа юм.
Худалдаа, арилжааны харилцааг зохицуулсан бие даасан хуулийн хэрэгцээ шаардлага байгааг судлаачид, шийдвэр гаргагчид, хууль тогтоогчдын хүрээнд илэрхийлж, бие даасан хууль батлах асуудлаар 1994 оноос хойш олон удаагийн оролдлого хийж байсан ч өнөөдрийг хүртэл хууль болж батлагдаагүй
Тиймээс энэ хүрээнд, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ - МОНГОЛД ХУДАЛДААНЫ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ ЮУ" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тухайлбал, Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд бизнест чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн аливаа бодлогыг дэмжих бөгөөд төр бизнесийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхийн эсрэг, бизнес дэх төрийн оролцоог бууруулах чиглэлд хуулийн зохицуулалтыг дэмжих утгаар “Монголд худалдааны хууль хэрэгтэй юу?” сэдвээр үзэл баримтлалын хүрээнд тус хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уг хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт дээр үндэслээд цаашид худалдааны тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарч, хуулийн төслийг өргөн барих юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ,
"Худалдааны харилцааг хэсэгчилсэн байдлаар зохицуулж ирсэн. Худалдааны асуудлыг хуульд оруулж эрх зүйн орчныг бүрдүүлсэн мэт боловч нэгдсэн бодлого дутуу байсаар ирсэн. Судлаачдын хувьд “худалдаа”, “арилжаа” гэх нэршил, одоогийн хуулиудад тусгагдсан “аж ахуй”, “аж ахуйн нэгж” гэх нэр томьёог цэгцлэх, хууль хэрэглээнд нэг мөр болгох асуудлаар болон ер нь энэ салбарын харилцааг зохицуулсан бие даасан хууль байх эсэх асуудлаар ч өөр өөр байр суурь илэрхийлж ирсэн" гэв.