АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцов
2024.09.27
Зам, Тээвэр

АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцов

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ-ын ЭСЯ-ны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Эдийн засгийн хэлтсийн дарга Абэл Ломакс нар оролцлоо.

Талууд энэ удаагийн уулзалтаар өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын шууд нислэг хийх агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулсантай холбогдуулан тус улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын явц байдлын талаар санал солилцлоо. Мөн төмөр замын хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцов.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-тай байгуулсан агаарын харилцааны хэлэлцээр нь манай улсын агаарын тээвэрт шинэ урсгал, чиглэлийг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон түлхэц болно гэдгийг онцлоод, Монголын талаас АНУ руу шууд нислэг гүйцэтгэхэд шаардлагатай нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангах тал дээр бэлтгэл ханган ажиллаж Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээний аудитаар ороход чухалчлан бэлдэж байгаа талаар мэдээлэл дуулгасан юм. Сайдын зүгээс аудитаар орох асуудлын аль болох богино хугацаанд хийж шууд нислэгийг хойшлуулалгүй эхлүүлэхэд Элчин сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.

Талууд мөн төмөр замын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. ”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлж буй 16 зүтгүүрээс 10-ыг нь хүлээн авсан бөгөөд эхний зүтгүүрүүд тээвэрлэлт хийж байгааг хэлэв. Мөн үлдсэн зургаан зүтгүүр нь БНХАУ-ын Тяньжин боомт дээр ирсэн байна. Тээврийн салбарын шинэчлэлийн хүрээнд АНУ-аас хүлээн авч буй эдгээр зүтгүүр нь технологийн шинэчлэл, үр ашиг, эдийн засгийн хөгжил талаасаа том хөрөнгө оруулалт болсон гэдгийг онцлон тэмдэглэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган хэлэхдээ хоёр улсын хооронд шууд нислэг хийхэд бэлтгэл ажил, цаг хугацаа их ордог. Бэлтгэл ажлын хүрээнд аюулгүй байдлыг хангах чиглэлд илүү их анхаарч ажиллахыг хүссэн юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Америкийн Холбооны иргэний нисэхийн захиргаа Тээврийн аюулгүй байдлын газрууд идэвхтэй хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд, шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанийн мэргэжлийн баг ИНЕГ-тай хамтран ажиллаж байгааг хэлэв.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газраас ИНЕГ-ын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг шат дараатай хийж байгаа гэв. АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс шууд нислэг үйлдэх ажлыг богино хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд цаашид тээврийн салбарын цахим аюулгүй байдлыг сайжруулах төсөл хамтран хэрэгжүүлэх, мөн системийн талаар харилцан туршлага мэдээлэл солилцох, далайн тээврийн салбарт далбааны эзэн улсын хяналтыг сайжруулах, хөлөг онгоцны бүртгэлийн мэдээллийг харилцан солилцох хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мэргэжилтнүүдийг сургах талаар тууштай ажиллахаар тохиролцов.

ШИНЭ МЭДЭЭ