МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

П.Сайнзориг: Барилгын компаниудыг хариуцлагажуулахгүй бол иргэд насаараа төлж буй ипотекийн зээлээрээ хохироод байна
2024.08.20
Хууль, эрх зүй

П.Сайнзориг: Барилгын компаниудыг хариуцлагажуулахгүй бол иргэд насаараа төлж буй ипотекийн зээлээрээ хохироод байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бид иргэдийн өмчийн эрхийг хамгаалах асуудалд анхаармаар байна. Ялангуяа бизнесийн байгууллагатай хэрэглэгч гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө авч байгаа, эрүүл мэндийн үйлчилгээ авах зуучлал хийж байгаа, сургалтын гэрээнүүд хийж байгаад анхаарах шаардлагатай. Хэрэглэгчийн гэрээний асуудлуудаас болж хохирч байгаа иргэдийг дурдаж, тухайлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах ёстой. Үл хөдлөх хөрөнгүүд чинь урдаа цэцэрлэгтэй, саадтай, авто зогсоолтой байна гэж хэлээд байраа борлуулсныхаа дараа түүн дээрээ төрийн байгууллагуудтай хуйвалдаж буцаагаад нэг юм уу хоёр блок барилга барьчихаж байгаа юм. Энэ бол худалдах залилан. Манай бүх компаниуд залилан хийж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг анхаармаар байна.
Хоёрдугаарт, барилгуудыг улсын комисст авах зургийн авторт нь бүрэн хариуцуулмаар байна. Бүрэн хариуцдаг, даатгалын системтэйгээ уядаг байх хэрэгтэй. Эргээд чанар муутай барилгыг ашиглалтад оруулаад, ял хариуцлага хүлээсэн хүн байхгүй байна. Үүнийг бодолцож, барилгын компаниудыг хариуцлагатай болгох тал дээр анхаарч, энэ зүйлүүд рүү явахгүй бол иргэд насаараа төлж байгаа ипотекийн зээлээрээ хохироод байна.
Би тод санаж байна. Б.Энхбаяр гишүүн дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргаж, дараагийн хөрөнгө татах хэрэгсэл болохоос түдгэлзсэн. Тухайн үедээ барилгын компаниудын үйл ажиллагаа доголдох, хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй гэж байгаа боловч нөгөө талдаа энэ асуудлаас болж практик дээр нэг байрыг хоёроос гурван этгээдэд зарж, барилгын жижиг компаниуд иргэдийг “Шүүхээр яв” гэж заваан юмаар хандаж буй зүйл бий. Магадгүй орон сууцны зориулалттай барилгуудыг тодорхой хувийн борлуулалтыг хязгаарлах эсвэл үйлчилгээ, худалдаа, бизнесийн арилжааны зориулалтыг нь явдаг зарчмаар явж болно. Үүний цаана санхүүгийн чадамжгүй маш олон барилгын компаниуд иргэдээс мөнгө татаж, өнөөдрийн дуусашгүй маргаанууд шүүх дээр явж байгаа. Бид үүнийг энэ бол гэрээний харилцаа гээд орхигдуулж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн яам үүнийг зайлшгүй анхаарах шаардлагатай байна” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: П.Сайнзориг гишүүний хэлсэн хэрэглэгчийн гэрээ өргөн утгаараа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зүйлүүд дээр бодол санаа нэг байна. П.Сайнзориг гишүүний хэлсэнтэй 100 хувь санал нэгдэж байна. Амьдрал дээр бид хувийн эрх зүйгээ боловсронгуй болгохгүй бол эрүүгийн эрх зүй нь авдаггүй, тоодоггүй. Наа чинь гэрээтэй юм байна. Иргэний маргаан гээд байдаг. Гэтэл яг үнэндээ эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалдаг, зохицуулдгаас хамаагүй илүү хохирол иргэдэд учраад байдаг. Яаж шийдвэрлэгдэх нь мэдэгддэггүй, он дамнасан хэргүүд их байна. Хэн нэгэн буруутай субъектийг хайж олж шийтгэх нь бол шүүхийн шийдвэр гаргах нь шүүхийн хувьд амархан байгаад байдаг. Гэтэл бодит амьдрал дээр хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагддаггүй байдал их байгаа. Энэ асуудал дээр П.Сайнзориг гишүүний хэлсэн агуулгаар ойлгож байгаа. Цаашдаа ч гэсэн энэ агуулгаар хамтраад ажиллаад явна.

ШИНЭ МЭДЭЭ