МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Уянга: Тусгай хамгаалалттай газар нутгаа өргөжүүлэх бус менежментийг нь сайжруулах шаардлагатай
2024.08.22
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Уянга: Тусгай хамгаалалттай газар нутгаа өргөжүүлэх бус менежментийг нь сайжруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Уянга Уул уурхайн дэд сайд байсан хүний хувьд энэ салбартай холбоотой болон бусад асуудалд нухацтай хандаж, байр сууриа илэрхийлж байгаа. Тэрээр "МУ-ын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолыг хэлэлцэж буй БОХХАА байнгын хорооны хуралдаанд дараах асуудлыг хөндлөө.

Яагаад тусгай хамгаалалттай газар нутгаа одоо байгаагаас нь өргөтгөнө гэж үеийн үед ярьж, орж ирээд байна вэ? Орон нутаг болон улсын хэмжээний газар нутагт эзэлж буй Тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээнд буй газар нутгийн хувь хэмжээг нэмэхэд 74 хувьд хүрдэг. Засгийн газрын хөтөлбөрт тавьсан танилцуулга дээр тусгай хамгаалалттай газар нь дангаараа 21 хувь, тусгай хэрэгцээний газар 20-оод хувь гэж орсон байна. Тусгай хэрэгцээний газрыг Засгийн газраар авагдаж, буцаад гарах тохиолдол ховор байдаг, бараг тусгай хамгаалалттай газар гэсэн үг. Үүний менежментийг сайжруулах талаар ярихаас илүү заавал өргөтгөх гэж байгаа нь ямар учир шалтгаантай вэ?

ОУ-ын стандартыг харахаар газар нутгийнхаа 10-12 хувийг тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тухайлбал ОХУ нутаг дэвсгэрийнхээ 13,5 хувь, Казахстан 8,2 хувь, Украйн 8,1 хувь, БНХАУ 12 хувийг тус тус тусгай хэрэгцээнд авсан тусгай хамгаалалттай газар нутагтай гэсэн тоо баримт бий. Харин Африкийн нэг улс газар нутгийнхаа 40 гаруй хувь буюу хамгийн их газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан байдаг. Манай улсын газар нутгийн урагшаа, зүүн урагшаа олон газар тусгай хэрэгцээтэй, тусгай хамгаалалттай байдаг ч хил давахаар бараг хил рүү тулгасан 500 метр ч хүрэхгүй газарт үйл ажиллагаа явуулж байдаг. Энэ бол баталгаатай үнэн, БОЯ- мэдэж байгаа. Гэтэл яагаад тусгай хамгаалалттай газар нутгаа одоо байгаагаас нь өргөтгөнө гэж орж ирж байна вэ?

Б.Уянга гишүүн мэдээллийг тал талаас нь ярилцаж, бодит мэдээлэл хуваалцаж байж энэхүү хөтөлбөр чанартай, үр дүнтэй батлагдана гэсэн байр суурьтай байгаа юм.