МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.12
Улстөр

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024-06-12/ Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлогийг товч танилцуулаад энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль гэж хэллээ. Мөн С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм гэдгийг онцлов.

Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан түүхтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдлаа. Мөн Ардчилсан хувьсгалын АНХНЫ үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ Монголд шаардлагатай. “Шинэ сэргэлтийн бодлого” бол мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах Авлигатай нам харгалзалгүй тэмцэх реформ юм гэлээ.

Мөн 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн нь энэ сонгуулийн бас нэгэн онцлог. Монгол Ардын Намаас улстөрчид тойрогт, мэргэжлийн экспертүүд жагсаалтад нэр дэвшүүлж шинэ хүмүүст боломж олгож буйд иргэд, сонгогчид талархан хүлээн авч байгаа юм. Удирдлагын академийн багш, Төрийн захиргааны доктор, профессор Саркытын ЗУЛФИКАР-ыг жагсаалтад нэр дэвшүүлснээ Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Ерөнхий сайд эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Баян-Өлгий аймагт дараах хүмүүсийг МАН-аас нэр дэвшүүлснээ тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаад ард түмэн ялалт байгуулахын төлөө Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа.

  • -Шинэ хоршоо хөдөөгийн сэргэлт Малчин өрхийн холбооны эрх зүйн байдал, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулиудыг батлуулахад гол үүрэгтэй оролцсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Тилеуханы АУБАКИР
  • -Баян-Өлгий аймагт Боомтын сэргэлтийг эрчимжүүлж, олон жил яригдаж байгаа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах ажил явагдаж байгаа. Тиймээс банк санхүүгийн болон уул уурхай, дэд бүтцийн салбарт олон жил ажилласан туршлагатай Зулпайн БАТЫРБЕК парламентад хэрэгтэй. Хөгжлийн банкны асуудлыг илчилсэн хүмүүсийн нэг юм.
  • -Баруун бүс нутагт сэргээгдэх эрчим хүч, тэр дотроо Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, гацаанаас гарч, төслийн ажил эхэлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд энэ салбарын туршлагатай, Эрчим хүчний сайдын зөвлөх Хажекберын ЖАНГАБЫЛ-ыг нэр дэвшүүлээд байна.

Баян-Өлгий аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 449.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Үүнд:

  • Асгатын мөнгөний ордын баяжуулалтын технологийн судалгааг 2024 онд багтаан хийх, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор нөөцийг шинэчлэн тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг "Эрдэнэс Монгол" нэгдэл гүйцэтгэж байна.
  • Цагааннуур, Даянгийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбож, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замыг ашиглалтад оруулсан.
  • Өлгий-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дөрөвдүгээр хэсэг, 23.13 км замын ажилд 2024 онд 11.6 тэрбум төгрөг батлагдаж, тендер зарлагдаад байна.
  • Өлгий нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4C ангилалтай болгох ажлын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад санхүүжилтийг шийдвэрлэж, зураг төсвүүдийг бэлэн болгоод байна.
  • Алтай Таван Dогд, Хотон, Хурган нуур чиглэлд цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 2024 онд ашиглалтад орно.
  • Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн 89.1 км хатуу хучилттай авто зам,
  • Сагсай голын төмөр бетон гүүр
  • Цэнгэл-Даян боомт чиглэлийн 165 км авто зам, 126 болон 36 урт метр төмөр бетон гүүрний зураг төсвийг тус тус хийлгэлээ.

ШИНЭ МЭДЭЭ