Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна
2024.05.20
Барилга, Хот байгуулалт

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ.

Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай ажил гүйцэтгэж байна. Тухайлбал,

  • БЗД-ийн 10-р хороо Улиастай голын далан засварлах ажил болон Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дууссан
  • БЗД-ийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын ус тогтдог байршилд замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус тогтдог байршлын замын ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай дууссан гэдгийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.

Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал,

  • НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
  • “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээхгүй, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон юм.

Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын тендерийг долоодугаар сард зарлах, ингэхдээ хиймэл нуур болон гадаргын ус ашигласан хороолол байгуулах, усны шугам нь зэс хоолойтой байх, эрчим хүчнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн, нийт барилгажих талбайн 60 хувьд орон сууц барьсан байх зураг төсөл гаргах ёстойг холбогдох албаныханд үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ