БООМТЫН ТАВАН Э СТРАТЕГИ
2024.05.08
Эдийн засаг, Худалдаа

БООМТЫН ТАВАН Э СТРАТЕГИ

2023 онд Монгол Улс экспортоо 10 тэрбум доллар хүргэхийг зорьсон юм. Боомтын сэргэлтийн ажлын үр дүнгээс ийм тоо хүлээж байв. Зорилт биелснээр үл барам бүр давсан. 15.2 тэрбум доллар манай улсын хувьд түүхэн дээд үзүүлэлт болов. Экспортын өсөлтийг дагаад эдийн засаг 7 хувиар өсөж, гол үзүүлэлтүүд тогтворжиж, Монгол Улсын валютын нөөц мөн л түүхэн дээд хэмжээ буюу 5 тэрбум ам.долларын нөөцтэй болж, 2022 оны дунд үетэй харьцуулахад төгрөг 200 орчим төгрөгөөр чангараад байна.

Үүнд нүүрсний гялалзсан амжилт голлох үүрэгтэй байлаа. 2023 онд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, 69.6 сая тоннд хүрснээр мөн л Монгол Улсын түүхэнд хамгийн их нүүрс экспортолсон жил болсон ба экспортын орлого 8.9 тэрбум ам.доллар хүрсэн нь нүүрсний экспортын хамгийн өндөр дүн болж байна. Нүүрсний аз, од ийнхүү гийхэд Австралийн нүүрсний эсрэг Хятадын албан бус хориг цуцлагдсан ч нийлүүлэлт тогтворжоогүйн улмаас Хятад руу хийх экспорт төдий л нэмэгдээгүй нь гол хүчин зүйл болсон билээ.

Гэхдээ зах зээлийн ийм боломжийг ашиглаж чадсан нь харин яах аргагүй боомт дээр хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм. Өмнө нь нэг бус удаа ийм боломжууд алдагдсан удаатай. Монголын нүүрс экспортлогч компаниуд зах зээлийн өөрчлөлтийг яаж хурдтай мэдэрч, шаргуу ажиллаад ч боомтын хязгаарлагдмал байдлаас үүдэн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй үе цөөнгүй тохиож байв.

Харин цар тахлын дараанаас төрийн хараа хайхрах эзэнгүй шахам орхигдоод байсан боомтууд руу хүрснээр хөгжүүлэх бодлогоо зарлаж, санаа тавих эзэнтэй болгож, бодолтой хөдөлсний эхний үр нөлөө 2023 оноос ийнхүү гарч байна. Эдийн засгийн хөгжил, тэлэлтийг хязгаарлаж асан асуудлынхаа мөн чанар руу анхаарч эхэлснээр зөнгөөр, урсгалаараа явж өнөөг хүрсэн боомтууд эрс өөрчлөгдөн байгаа нь дэвшил юм. Энэ талаар шинэ дугаараас уншаарай. Гэхдээ хийснээс илүүтэй дараа дараагийн хийх ажлууд, боомтын хөгжлийн гарц шийдэлд төвлөрсөн тусгай дугаараа Mining Insight уншигч Танд толилуулж байна.

Стратегийн түвшинд харах болсон боомтын үүргийг зөв бодлогоор шуурхай удирдах алсын хараагаа Боомтын Үндэсний хороо боловсруулжээ. Боомтуудыг хөгжлийн бие даасан хэлбэрт оруулах энэхүү стратегийг 5 Э хэмээн томьёолоод байна. Тодруулбал, Эрх зүйн орчныг тодорхой болгох, боомтуудыг үйл ажиллагаа, бүс нутгийн оролцоогоор ангилж Эрэмбэлэх, боомтууд дээр болж буй үйл явдлыг Эзэнтэй хариуцлага тооцох бололцоотой болгох, боомтуудын үйл ажиллагаа явуулах Эдэлбэр газрын асуудлыг бүрэн шийдвэрлэх, ингэснээр боомт нь Эдийн засагт боомилогч биш хөгжлийн зүтгүүр болно гэсэн томьёолол юм.

Үүний тулд боомтын хууль эрх зүйн орчныг шинэчилж, Хилийн боомтын тухай хууль, боомтын нийтлэг журмын шинэчилсэн төслийг боловсруулан холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэн буй төслөөр боомт нь эдэлбэр газартай, дүрэм журам, зорилготой, аж ахуйн тооцоот ашгийн төлөө хуулийн этгээдээр удирдуулсан, бусад орны боомттой олон улсын худалдаанд эзлэх байр сууриар өрсөлдсөн, эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагааны байгууллага байх юм.

Боомтыг бизнес хэмээн үзэж буй энэхүү шинэлэг хандлагаас дараах 3 зүйлийг онцолж болохоор байна. Нэгд, Хилийн боомтын захиргаа газар эзэмших бөгөөд бусад этгээд хилийн бүс буюу боомтын газарт газар эзэмшихгүй, зөвхөн түрээсээр аж ахуйн үйл ажиллагаа явуулна. Ингэхдээ аль болох үндэсний аж ахуйн нэгжүүд, иргэдэд бизнесийн боломж олгоно. Хоёрт, боомт өөрийн гэсэн орлогогүй байгаа тул боомтын үйлчилгээний төлбөр хураамжийг тогтоож, зарцуулах эрхзүйн орчин бий болгосноор боомт орлогоороо санхүүждэг, үйл ажиллагаа явуулдаг болно. Тэрхүү орлогын эх үүсвэр нь улсын төсвөөс гадна боомтоор нэвтрүүлсэн бараа, тээврийн хураамж, газрын түрээсийн орлогоос бүрдэнэ. Гуравт, боомтын менежментийг тусгай зориулалтын компани буюу Боомтын хөгжлийн корпораци (БХК) боомт тус бүр дээр хариуцан ажиллана. БХК нь боомтоор үйлчлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хурдан шуурхай худалдаа явуулах бололцоог олгоно. Тэнд хяналт тавьдаг төрийн байгууллагуудын ажиллах, амьдрах нөхцөл боломжийг хангана. Өмчлөлийн хэлбэрийн хувьд төрийн, хувийн, хамтарсан хэлбэртэй байх бөгөөд боомтын үйлчилгээгээр орлогоо олдог, түүний төлөө үйлчилгээгээрээ уралддаг, аль болох ахиу бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг чармайдаг байна. Энэхүү зарчмыг зарим боомтод төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр байгуулж, турших зорилттой байгаа аж.

Нэг ёсондоо экспортын орлогын гол үндэс, эдийн засгийн тэлэлтийн суурь болсон боомт дээр хөршүүдтэйгээ адил хөгжиж, тэнцүү түншилнэ гэсэн бодлого баримталж байна.

Эх сурвалж: Msight.mn

ШИНЭ МЭДЭЭ