АН: С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 20 гаруй гишүүн оролцжээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-аар баталсан хууль, мөн С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цацсан нэвтрүүлгийг хэлэлцжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Нэгд, сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авах гэсэн, сонгогчдод нөлөөлөх гэсэн, санхүүгийн инстиутаа эвдсэн хууль баталж байна. Энэ асуудлыг ярилцлаа.
Хоёрт, С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо. Хэргийн материалыг одоо хүртэл ил тод болгодоггүй. Энэ хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Иймээс энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.