МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
2024.03.04
Хууль, эрх зүй

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2024.03.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар:

Монгол Улсын Бага Хурлаас 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг зохицуулж, Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Хууль батлагдсанаас хойших хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч 1996-2024 оныг хүртэл нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Ийнхүү олон нэмэлт, өөрчлөлт орсон нь 1992 оноос өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж байсан туршлага байгаагүй, энэ талаарх суурь болон харьцуулсан судалгааг хангалттай хийгээгүй үед уг хууль батлагдсан. Ингэхдээ хуулиар зохицуулбал зохих зарим харилцааг зохицуулаагүй орхигдуулсны зэрэгцээ давхардал, хийдэл, хуулийг хэрэгжүүлэх явцад үүссэн тулгамдсан асуудлыг хуулиар шийдвэрлэх шаардлага тухай бүр гарч байсантай холбоотой аж.

ШИНЭ МЭДЭЭ