МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.04
Орон нутгийн хөгжил

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарааны бизнес болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хямд түрээсийн байраар хангах зорилгоор байгуулагдсан “Бизнес хөгжлийн төв” нээлтээ хийлээ. Энэхүү “Бизнес хөгжлийн төв” нь ажилчдын өрөө, хурлын өрөө, нийтийн оффис, лаборатори, хэвлэх, хувилах өрөө, үйлчлүүлэгчийн өрөө, амралтын өрөө, бойжуулагчийн байр гэсэн зохион байгуулалттай юм.

Одоогийн байдлаар “Бизнес хөгжлийн төв”-д 7 аж ахуй нэгж түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арьс, арьсан бүтээгдэхүүн боловсруулах, гар урлал, жижиглэн худалдаа, бэлэн бүтээгдэхүүн худалдан борлуулах, цай, цайны нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эх бэлтгэл, хэвлэх үйлчилгээ зэргийг үзүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд, аж ахуй нэгжүүд “Бизнес хөгжлийн төв”-д үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд түрээсийн үйлчилгээнд жилд 1,2 сая төгрөг, борлуулалтын дэмжлэгт сард 600 мянган төгрөгийн тусламжийг ирэх оноос авах боломжтой юм. Энэ онд “Ахуй үйлчилгээний төв” ашиглалтад орох бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчид маань “Хөдөөгийн шийдэл” ОНӨХХК-д хандаж хямд түрээсийн үйлчилгээтэй, тогтвортой ажлын байртай болох боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ