УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Шүүх байгуулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Мөн дагалдах хэд хэдэн хуулиуд, УИХ-ын тогтоолын төсөл байгаа. Үүгээр тодорхой шүүх байгуулах, тойргийн шүүх байгуулах, дагнасан шүүх байгуулах, гэсэн хэд хэдэн асуудлууд орж ирж байгаа. Аймгуудад байгаа шүүх иргэдийнхээ хэргийг нэгтгээд хэлэлцээд явна. Захиргааных бол хуучнаараа. Үүнээс гадна дагнасан шүүхийн асуудал яригдаж байна. Гэр бүл, хүүхдийн эрхийг хянан шийдвэрлэдэг шүүх, хялбар ажиллагаа буюу бага үнийн дүнтэй хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийддэг шүүхийн асуудлууд орж ирж байна. Мөн УИХ-ын тогтоолоор авлигын хэргийг хянан шийдвэрлэдэг дагнасан шүүх байгуулах асуудал яригдаж байгаа. Хэлэлцүүлгийн явцад цаашдаа та бүхэн маань анхаарах хэд хэдэн зүйл байна!
Шүүх байгуулж байгаа гол үндсэн зарчим нь иргэдэд ойр байх, чирэгдэлгүй, хүртээмжтэй байх гэсэн үндсэн зарчимтай. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Тухайлбал, гэр бүл иргэний хэргийн шүүх л гэхэд сумандаа хэргээ шийдчихнэ. Харин аймагт байхгүй учир нийслэлд давж заалдах нь. Нэг ёондоо нийслэл хотод ирж хэргээ шийдүүлэх нь. Тэгэхээр ойрхон байх, хүртээмжтэй байх асуудал нь ямар хэмжээнд очих вэ. Дагнасан шүүх байгуулах юм бол нэг л зарчим байгуулах хэрэгтэй. Анхан шат, давах, хяналт гэсэн гурван зүйлийг цогц болгох хэрэгтэй. Найман сум дундын шүүх байдаг. Үүгээр шийдсэн хэргүүд, аймгаа алгасаад Улаанбаатар хотод ирж хэргээ шийдүүлнэ. Энэ бүхэн нь хүртээмжтэй, иргэдэд ойр байх гэсэн зарчимтайгаа уялдах хэрэгтэй гэдэг өнцгөөс нь хараарай!