2023.06.09
Эрчим хүч
О.Цогтгэрэл: Эрчим хүчний салбарт хувийн хэвшил орж ирэх боломжийг нээж өгөх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Эрчим хүч бол ихэнх зүйлтэй холбоотой чухал. Эрчим хүчний асуудлыг шийдэх шийдэл орж ирж байгааг харахад энэ яг бодитой шийдэл мөн үү гэдэгт эргэлзэж байна. Татварын хөнгөлөлтөөр хэд хэмжээний хувиар өртөг буурах вэ? Үүнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ? Эрчим хүчний тоног төхөөрөмж, эх үүсвэртэй холбоотой өртөг буураад, өртөг нь ААН-ийн албан татварын хөнгөлөлтөөс шалтгаалан буурч, хөрөнгө оруулагчийн сонирхол нэмэгдэж, шинэ эх үүсвэр нэмэгдээд явах гэдэг дээр тодорхой тоо хэлээч. Ямар хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлтүүд гарах вэ? Ямар хэмжээний урамшуулал дэмжлэг болно гэж бодож байгаа вэ?
Борлуулалтын орлогоосоо өртөг нь их давчихсан энэ салбарт хөрөнгө оруулагч орж ирэхгүй, нүүрсэн дээр нь санхүүжилт олдохгүй нөхцөл байдалд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ салбарт чөлөөлөлт, хувийн хэвшил орж ирэх боломж, бололцоо үүсээд байна. Ингэснээр уг асуудал шийдэгдэнэ. Эрчим хүчний сайд үүнд тодорхой хугацаа хэрэгтэй гэж байна. Ямар нөхцөл бүрдвэл зах зээлд хувийн хэвшил орж ирэх бололцоо бүрдэнэ гэж бодож байгаа вэ? Хэзээ энэ нөхцөл бүрдэх вэ?
Олон асуудал бий. Гэхдээ хөнгөлөлтнөөс гадна зах зээлийн чөлөөлөлт хамгийн чухал. Үүнээс биш Тавантолгой дээр нүүрсний цахилгаан станц барина. Багануур 400 мегаватт зэргээр баахан нүүрсний цахилгаан станцууд барина гээд асуудлаа ирээдүй цаг дээр биччихссэн байна. Яг үнэндээ санхүүжилт нь байхгүй, бодит бус яриа болоод хэдэн жилийн дараа ахиад яриад суух нөхцөл байдал хэвээрээ байгаа шүү дээ.
Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.