2023.04.13
Г.Дамдинням: Даварчихсан төрийн албатай ёс зүйн асуудлыг уг хууль шийдэх үү
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зайлшгүй шаардлагатай. Төрийн албаны тухай хуульд гай ч үгүй гавьяа ч үгүй олон жил болсон нь давуу тал болчихоод, тэр давуу талаараа өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг бохир нөхцөл байдал үүсчихээд байгаа юм.
Ямар ч гомдол гаргасан хууль зөрчөөгүй учраас тэр хүмүүст хариуцлага тооцох болдоггүй. Захын жишээ хэлэхэд ямар ч байгууллагад шинэ удирдлага очиход доор нь хор хутгаж, бужигнуулж нааш цааш нь явуулж, өөрсөд нь үйлчлээгүй, эрхшээлээр нь байгаагүй хүмүүсийн зэрэг, дэвийн нэмэгдэл, цалин урамшууллын боломж, амралт гээд бүх зүйлд дарамталж, хяхаж боодог бүлэглэл бий болчихоод буй. Төрийн албанд ийм зүйл байгаа. Ялангуяа үйлчилгээ, боловсролын салбарт зөндөө.
Миний хувьд Боловсролын хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж буй. Хэлэлцүүлгийн явцад дүүрэг, орон нутагт ажиллаж байх үед эл асуудал тархсан нь анзаарагдаж байна. Үүнд хуулийн зохицуулалт яаж орж ирж байна вэ.
Сүүлдээ давраад хуулийн бүрэн хамгаалалттай байгаа учраас удирдлагадаа ажиллаж буй хүмүүсээ ч хөдөлгөхгүй. Дээшээ аймгийн дарга, Их Хурлын гишүүд рүү гээ заналхийлсэн мессеж хүртэл бичдэг даварсан төрийн албатай болчихоод байна. Ёс зүй сахилга хариуцлагатай холбоотой асуудалд уг хууль шийдэл гаргах уу. Миний сонгогдсон тойргийн багш нараас маш олон гомдол ирдэг. Энэ салбарт ажиллаж буй зарим хүмүүсийн ааш авир, замбараагүй байдал хэрээс хэтэрчихсэн. Хуулийн асуудал ярихаар хариуцлага тооцох ямар ч боломжгүй байдаг.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19
“ЭРҮҮЛ ДАРХАН” ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2023.07.24
Органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
2023.04.21