Гадаадын иргэн, харьяатын байгууллагын албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаарууллаа
Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд Монгол Улсын холбогдох хууль, журамд заасны дагуу гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хэрэгжилтэд хяналт тавих, гадаадын иргэний гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх замаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллаж байна.
Энэ байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй боловч төрийн захиргааны албан хаагчийн ангилалд хамаарч байгаа одоогийн зохицуулалтыг өөрчилж, тэдгээрийг ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧИЙН ангилалд хамааруулан дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүссэн юм.
Иймд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, 2022 оны Намрын чуулганаар батлагдсан билээ.
Хуульд:
Тус байгууллагын албан хаагч гэдэгт Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, газрын дарга, хэлтсийн дарга, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтан, жолооч хамаарах юм.
Өнөөдрийн байдлаар Гадаадын иргэн, харьяатын газар нь нийт 310 албан хаагчтай бөгөөд дарга болон төв байгууллагад нийт 130 албан хаагч, үүнээс газар, хэлтсийн дарга 9, ахлах байцаагч 4, байцаагч 15, ахлах мэргэжилтэн 23, мэргэжилтэн 39, төрийн үйлчилгээний 39 албан хаагч, орон нутагт нийт 180 албан хаагч, үүнээс газар, хэлтсийн дарга 6, ахлах байцаагч 7, байцаагч, ахлах мэргэжилтэн 32, мэргэжилтэн 2, төрийн үйлчилгээний 56 албан хаагч ажиллаж байна.
Эдгээр албан хаагчид нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад тус тусын хариуцах чиглэлээр тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн орлогод дунджаар 5-6 тэрбум, виз, бүртгэлийн хугацаа хэтрүүлсэн зөрчил үйлдсэн гадаадын иргэдэд торгууль оногдуулсны төлбөрийн орлогод 1 тэрбум төгрөгийн орлогыг жил бүр улсын болон орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлдэг.
Энэхүү төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж, тус байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулахаар боллоо.
Мөн Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтоох юм.
Түүнчлэн тус байгууллагын албан хаагч нь нийт 5 шатлал бүхий цолтой байх бөгөөд цол олгох, хураах, сэргээх журмыг батлах эрх бүхий этгээдийн талаар тусгажээ. Ингэхдээ ерөнхий байцаагч буюу тус байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд тус цолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгох, харин бусад 4 цолыг тус байгууллагын даргын баталсан журмаар олгохоор тусгасан байна.
Мөн тусгай албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.
Түүнчлэн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг Хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан билээ. 2011 оноос энэ ажлыг хувийн хэвшлийн байгууллагаар (“Туртелком” ХХК) гүйцэтгүүлж, үнэмлэхэд тусгагдах мэдээлэл болох гарын хурууны хээний өгөгдлийг бэхжүүлж авах ажиллагааг хийж ирсэн. Энэ нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчиж байсан юм.
Манай улсад жилд дунджаар 9771 гадаадын иргэн оршин суух үнэмлэх хэвлүүлэх, сунгуулах хүсэлт гаргаж, улсын төсөвт 422.6 сая орчим төгрөг төвлөрүүлж байгаагаас гадна хуульд иргэн, хуулийн этгээдээс дээрх компанид төлж байгаа төлбөрийн хэмжээ, төрлийг тогтоосон захиргааны хэм хэмжээний акт байхгүй тул “Туртелком” ХХК-иас ирүүлсэн үнийн саналаар тогтоож байсан зэрэг асуудал энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэгдлээ.
Ийнхүү гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан хэрэгжүүлж хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах боломжийг бүрдүүлэх боломжтой боллоо.
Түүнчлэн улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчид хамаарах, мөн боомтод ажилласан эсэхээс хамаарахгүй байдлаар өөрчлөн тусгалаа.