2022.10.29
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Шаамар Питомник” ХХК-ийн хамт олонтой уулзав
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 20 орчим жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 2015 оноос мод үржүүлгийн мэргэжлийн байгууллага болсон “Шаамар Питомник” ХХК-ийн хамт олныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд Улсын хэмжээнд тарьц, суулгацын нөөц 37 саяд хүрсэн. Үүнээс Сэлэнгэ аймагт 24 сая үржүүлгийн мод, тарьц, суулгац ургаж байна.
Сэлэнгэ аймаг энэ онд 5 сая 700 мянган тарьц, суулгацыг эргэлтэд оруулахаар төлөвлөснөөс эхний 9 сарын байдлаар 1,5 сая тарьц, суулгацыг эргэлтэд оруулаад байна.
Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн гэх тооцоо, судалгаа бий.
Тиймээс цөлжилтөд нэрвэгдсэн эх орныхоо газар нутгийг авран хамгаалах, улс орныхоо ойн санг 9 хувьд хүргэх, хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэхэд Сэлэнгэчүүд чухал үүрэг оролцоотой билээ.
Тэрээр эх байгаль, хойч үеийнхээ сайн сайхны төлөө мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Шаамар Питомник” ХХК-ийн хамт олонд амжилт хүссэн юм.