МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”
2022.09.02
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар харилцаа холбооны салбарын гол дэд бүтцийн томоохон хэсэг болох “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-иудын ажилтан албан хаагчидтай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад дээрх байгууллагуудын 300 орчим удирдах болон бусад албан хаагчид биечлэн оролцсон бол хөдөө орон нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй 600 орчим мэргэжилтнүүд цахимаар мэдээлэл солилцсон юм. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа нь хэрэгжиж буй цахим шилжилтийн гол дэд бүтэц болсон тус байгууллагуудыг хөгжлийн дараагийн шатанд гаргах ажил нэн тэргүүнд бөгөөд тус байгууллага бүрд ажиллаж буй нарийн мэргэжлийн баг хамт олны болон Цахим хөгжил харилцаа холбооны яамны дэвшилтэт үйл ажиллагаа нь МУ-ын засгийн газрын дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хэрэгжилтийн суурь болох юм.

Уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлсэн үгэндээ:
Харилцаа холбооны салбарын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч өнөөгийн харилцаа холбооны салбарт төрийн тодорхой бодлого дутагдсанаас үүдэн засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал зохих төвшинд үүссэн. Асуудал тухай бүрд анхаарч ажиллахад мэргэжилтэн нэг бүрийн дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Стратегийн онцгой ач холбогдол бүхий салбарын үндсэн дэд бүтцээ эргэж харахгүйгээр урагшлах боломжгүй бөгөөд орчин цагийн хэрэглээ хэв маягт нийцсэн инновацлаг, өрсөлдөх чадвар бүхий бүтэц, үйлчилгээг бүрэн цогцлоохын төлөө өнөөгийн ололт амжилтаа илүү сайжруулах чиглэлд улс төрийн бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарч, манлайлал үзүүлж, хурдтай, нягт хамтран ажиллахаа хариуцсан сайдын хувиар илэрхийлж байна гэв.

Улс орны нийгэм, эдийн засагт, хөгжлийн бусад бүхий л салбарт хувь нэмрээ оруулах, инженер, дэд бүтэц, технологийн шийдлээр дэмжин хамтран ажиллах боломж манай салбарт дүүрэн бий бөгөөд уг үүрэг гарцаагүй тул илүү нээлттэй, хариуцлагатай, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах нь чухал юм.

ШИНЭ МЭДЭЭ