МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих,архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.07.01
Хүний эрх

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих,архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасныг баримтлан явууллаа.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чөлөөт бүсэд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох эсэх, согтууруулах ундаанд оногдуулах онцгой албан татварын өөрчлөлтийн талаар, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээр дамжин согтууруулах ундаа дотоодын худалдааны эргэлтэд орж байгаа тухай мэдээллийн талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлхийн цөөнгүй орнууд согтууруулах ундааны хатуулгыг хүчээр буулгаж нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч байсан туршлага байдаг тул хатуулгыг хүчээр буулгах нь зохистой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан.

Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох, ингэхдээ тодорхой шалгуурыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох, тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон цахим сантай байх, Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд  бүртгэх, архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх, дэлхийн жишиг болон хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах, бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор” гаргасан зарлигийн хүрээнд согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 42 санал болон найруулгын шинжтэй 3 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ