МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.08
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Ёсзүйн кодыг хэрхэн тусгасан бэ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны /2022, 06, 08/ өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ бол чухал хууль. Үүнийг дэмжиж байгаа, хэлэлцээд явах нь зөв гэж бодож байгаа юм. Бид хөгжил гэж яриад байгаа. Хөгжил бол хүний хөгжил. Хөгжилтэй орнууд АНУ, Европын орон Австрали, Шинэ-Зеланд Япон гээд эдгээр орнуудыг харахад хүн нь хөгжсөн. Төрийн алба нь ёс зүйтэй, тэнд мэдлэгтэй, ур чадвартай хүмүүс орж ажилладаг. Ийм л дүр зураг харагдаж байгаа юм. Хүний хөгжил, ёс зүйн асуудлыг ярихгүйгээр хөгжил гэдэг зүйл байж болохгүй. Япончуудын хэлдэг “Ёс зүйтэй хүнд албан тушаал өг” гэсэн үг бий. Ёс зүй гэдэг үгний ард маш олон асуудал байгаа. Харамсалтай нь сүүлийн үед төрийн албанд ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Төрийн албанд орох сонирхолтой хүмүүс их болсон. Стандартыг нь тогтоож өгөх хэрэгтэй. Стандартаа бариад сонгон шалгаруулалт хийхэд маргаан байхгүй. Манай хөгжлийн гол мухардал төрийн албанд байгаа. Ёс зүйгүй. Эдгээр зүйлүүдийг хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой.

Төрийн албан хаагч ёс зүйтэй байхаас гадна ажил дээрээ өсөж, хөгжих боломжийг нь олгох хэрэгтэй. Албан тушаал ахих журмыг мөн тодорхой болгох шаардлагатай. Ёс зүйн хороо байгуулах юм байна. Энэ төрийн албаны зөвлөлтэйгөө хэр нийцэж байгаа вэ? Төрийн албаны зөвлөлийн дарга нь ёс зүйн хорооны гишүүн байна гэхээр хэр зэрэг оновчтой байх юм бэ. Бусад улс орны төрийн албаны туршлагыг судалсан уу? Үүнийг хуулиндаа яаж тусгасан бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ