МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй
2022.05.09
Улстөр

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй

Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран цуврал хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтуудыг хийж байгаа бөгөөд өнөөдөр (2022.05.06) эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ээлжит уулзалтыг хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан, Б.Бейсен болон Эрүүл мэндийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа эрсдэлд орж, эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдлууд гардаг байна. Тухайлбал, мэс заслын эмч, сувилагчдын нүдний салст руу хагалгааны явцад цусны дусал үсрэх, мэс заслын бохир багажид хатгагдах зэргээс болж элэгний В, С вирусийн халдвар авч, цаашлаад элэгний хатуурал, хавдраар өвдөх эрсдэлтэй болдог байна. Иймд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрсдэлийн даатгалын асуудлыг хөндөж, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэйг оролцогчид гишүүдэд уламжиллаа.

Мөн уулзалтын үеэр хариуцлагын даатгалын асуудлыг хөндлөө. Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлж, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс илүү эвлэрлийн журмаар шийдвэрлэдэг сайн туршлагуудыг судлах ёстой. Энэ нь эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд учрах сэтгэл зүй, санхүүгийн дарамтыг багасгаж, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг чирэгдэл учруулахгүй нөхөн төлөх давуу талтай байх боломжтой гэдгийг гишүүд онцолсон юм.

Гадаадын зарим улс оронд “буруутгах” болон “үл буруутгах” зарчим үйлчилж байна. Буруутгах тогтолцоотой орнууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлдөг бол үл буруутгах тогтолцоотой орнуудын хувьд хэрэгцээнд тулгуурлан хохирлыг даатгалаас нөхөн төлдөг зохицуулалттай байдаг аж.

Даатгалын тогтолцоог үр дүнтэй болгоход даатгалын хураамжийн хэмжээ эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад санхүүгийн дарамт учруулахгүй байх, байгууллагаас тодорхой хувийг даадаг байх шаардлагатай. Түүнчлэн даатгалаас олгох нөхөн төлбөр нь түргэн, шуурхай олгогдож, эмчилгээний зардалд хүрэхүйц байх, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээний стандарт, эрсдэлийн менежментийг дэмжсэн байх тал дээр анхаарч, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа ажлын хэсгийн гишүүд илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ