2022.04.14
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Аж үйлдвэрийн паркийн газарзүйн байршлыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Энэхүү хуулийн төслийн ихэнхи агуулга нь шинээр үйлдвэр, технологийн парк барих асуудалтай холбоотой гэж ойлголоо. Тэгэхээр өмнө нь үйлдвэр, технологийн парк барих боломж нь бүрдчихсэн газар, байршлуудыг яаж авч үзэх асуудлыг би Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Бор-Өндөр хотын хуучин тогтолцооны үед бий болсон боломжийг жишээ татаж яриад байгаа юм.

Шинэ паркын тухай асуудал биш хуучин бий болсон дэд бүтэц, хүний нөөц зэрэг боломжийг судалж үзээсэй гэж бодож байна. Бор-Өндөр бол уул уурхайн тодорхой түвшний хэмжээний үйлдвэрлэл, технологийн парк байх бүрэн бололцоотой. Баргилтын төмрийн орд 18 сая тонноор нөөцийг нь тогтоосон. Нөөцийг нь нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгаа хийж, энэ нь магадгүй 2 дахин нэмэгдэх боломж байгаа талаар яригдаж байгаа. Хэрвээ ингэж чадвал цаашдаа 20 жил зөвхөн төмрийнхөө орд, нөөц дээр ажиллах бололцоо байна. Бор-Өндөрийг тойрсон бүс нутагт зөвхөн төмөр, жоншоор хязгаарлагдахгүй бусад ховор үнэт металлууд бий. Мөн 50 километрийн зайд шинэ цементийн үйлдвэр ч байна. Энэ шинэ цементийн үйлдвэртэй хамтран зохион байгуулалт хийж, Бор-Өндөрт төмөр, бетон хийцийн үйлдвэр байгуулагдах бүрэн нөөц байгаа тухай үйлдвэрийн хүмүүс надад танилцуулж байсан.

Шинэ үйлдвэр, технологийн парк барьвал шинэ газарт хашаа хатгаад дэд бүтэц бүх зүйлийг нь эхнээс нь дахиад л улсаас хийлгэнэ. Энэ ажлыг хүлээвэл дахиад 10 жил болж мэдэх учраас Бор-Өндөр хотыг тулгуурлан хуучин нөөц бололцоогоо ашиглах талаар дахин дахин хэлээд байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ