2022.04.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Бат-Эрдэнэ: Дараа жил олох орлогыг тухайн жилдээ олох боломж нээгдэнэ
Булган аймагт "Шинэ хөдөө" төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус төслийг санаачилж, өдгөө ажил хэрэг болоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Тэрээр үйл хэрэг болгож эхлүүлсэн төслийнхөө эргэх холбоо, үйл явцтай танилцахаар тойрогтоо ажиллаад ирлээ.
"Шинэ хөдөө" хөтөлбөрийнхөө хүрээнд "Баялаг фийд" компанитай хамтран Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Бүрэгхангай сумдаас нэг нэг малчин өрх сонгон тус бүр 100 хурга хүчит тэжээлээр тэжээх турших ажлыг эхлүүлжээ.
"Баялаг фийд" компани нь өсвөр бага малыг тэжээж тухайн жилд нь борлуулдаг гадны туршлагыг Монголдоо нэвтрүүлэх талаар санаачилга гарган ажиллаж байгаа юм. Тус компани 2018 оноос хойш тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд өөрсдийн гаргасан тэжээл дээр үндэслэн "Чинээлэг малчин" хөтөлбөрийг Говьсүмбэр аймагт амжилттай хэрэгжүүлсэн нь малчдын талархлыг хүлээсэн.