МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Бичил бизнес эрхлэгчдэд Хөгжлийн Банк хэрэгтэй
2022.03.10
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Бичил бизнес эрхлэгчдэд Хөгжлийн Банк хэрэгтэй

Хөгжлийн бус банк - хүүлэгчдийг дэмжсээр өдий хүрчээ

Сүүлийн үед “Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олдохгүй байна. Хөнгөлөлттэй зээл олгодог хөгжлийн банк байгуулж болдоггүй юмуу” гэсэн гомдол, саналд дарагдаж байна. 
 
Хөгжлийн банк арилжааны банкнаас юугаараа ялгагдах ёстой вэ?
 
Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж бойжуулах, анхнаас нь төслийн удирдлагаар хангах замаар зээлийн эргэн төлөлтийг хийх чадвартай болох хүртэл нь дэмжих нь Хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн банкны гол үүрэг байдаг. Олгосон зээлийнхээ тодорхой хувийг хөгжлийн банк эзэмших замаар төслийн удирдлагад оролцож, хяналтаа тавьдаг. Дэмжигдсэн төсөлд зээл олгохдоо зээлийн шугам нээж, үе шаттайгаар санхүүжүүлдэг. Гэтэл…
Ямар ч том төсөл байсан санхүүжилтээ эхэнд нь нэг мөр хийхгүй нь тодорхой. Гэтэл Хөгжлийн банкны удирдлагууд зориудаар, санаатайгаар зээлийг бөөнөөр нь шууд олгодог байжээ. Энэ нь одоогийн эмгэнэлт байдлын эх үндэс болсон юм. Үүнийг авилгаас ангид, улс төрийн нөлөөлөлгүй явагдсан гэж итгэх нь тэнэг хүний л ажил болох байх.
 
Их мөнгө бөөн аваад зориулалтаар нь ашиглаагүй зээлдэгчид юу хийх вэ?
 
Хариулт тодорхой-мөнгөө хүүлнэ. Тэд Хөгжлийн банкнаас жилийн 4 хувийн хүүтэй авсан зээлээ ББСБ-уудад жилийн 24 хүртэл хувийн хүүтэй хадгалуулах нь олонтаа. ББСБ-ууд нь тэдэнд өндөр хүү амлаж татсан мөнгөө жирийн бизнес эрхлэгчид, худалдаачдад илүү өндөр хүүтэйгээр зээлдүүлнэ. Өдрийн зээл гэж эмэгтэй бизнес эрхлэгчдийн тамирыг бардаг мөлжлөгийн систем хүртэл бүрэлдэн тогтжээ. Хэл ам гарангуут авсан зээлээ нэг шөнийн дотор төлсөн гэх мэдээлэл гарч байгаа нь ББСБ-аар хүүлж байсан мөнгөө татчихсан гэсэн утга юм.

ЖДҮ зээл, Хөгжлийн банкнаас хүү багатай зээл авсан цөөн хүмүүсийн бий болгосон Мөнгө хүүлэлтийн ийм тогтолцоо нь эмэгтэйчүүд бизнес эрхлэх, ажилтай орлоготой болохыг хамгийн ихээр боомилж байгаа. Хөгжлийн банкны зээл нь хөгжилд нэмэр болох бус харин ч мөнгө хүүлэлтийг төрөөс өөгшүүлэн дэмжих тогтолцоо болон бэхжив.

Монголын эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд хэдэн мянган хүндрэл тулгарч байгаа. Тэднийг туйлдуулдаг гол хүчин нь төр, төрийн хоёрдмол хандлага юм. Double standard гэж ярих дуртай болсон төрийн хоёр нүүр бизнес эрхлэлтэд хамгийн хорлонтойгоор саад болж байна. Саяхан би нийгмийн сүлжээнд нэгэн пост олж харав. Эмэгтэйчүүдийн асуудлыг маш товч илэрхийлсэн гэж санагдлаа. Нийгэм эмэгтэйчүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ харахыг шаарддаг‼
 
Сүртэй нэр, зорилго бүхий том дүнтэй төсөл, Хөрөнгө оруулалтын сангуудаас илүүтэйгээр бодитой үр дүнд хүргэдэг бичил зээл нь хөгжлийг утгаар нь бий болгодог. Тосгоны тариачдад 27 доллар зээлүүлэхээс ажлаа эхэлсэн Бангладеш эр Мухаммад Юнус бичил бизнесийг дэмжих бичил зээл олгосоор ямар ч Хөгжлийн банкны чадаагүй зүйлийг хийсэн юм. Нэгэн тосгоны тариачид зээл авч түүнийгээ цагт нь төлөхийг хичээж байна гэхэд яг хэдэн доллар зээлсэн бэ гэхэд 47 хүний зээл нийлээд 27-хон доллар байсанд туйлын өрөвдөж тэр зээлийг нь өгч эхэлжээ.
 
Тэр зээл олгохдоо баталгаа шаарддаггүй, харин бизнес нь хэр бодитой болохыг л нягталдаг байжээ. Ийм хандлагаар 4,3 тэрбум долларын зээл олгоход зээлдэгчдийн 99 хувь нь зээлээ хариуцлагатайгаар төлсөн байна. Юнусын банк 7 сая жижиг бизнес эрхлэгчид бичил зээл олгож ЯДУУРЛААС ангижруулсан юм. Тосгоны банк гэх түүний банк нь бизнес эрхлэгчдийг мөнгө хүүлэгчдийн гарт оруулахгүй гэсэн ганц зорилгоор байгуулагдсан ажээ. Тэрээр багахан ашиг олдог ч ажлын байрыг шийдэж өгөхөө гол ашиг гэж үздэг байна. Энэ төслөөрөө #НОБЕЛИЙН_ШАГНАЛ хүртжээ. Хөгжлийн нэртэй хөгжлийн бус банкны мөнгө хүүлэгчдэд алдсан асар их хөрөнгөөр уг нь бизнес эрхлэх эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг энэ мэтээр дэмжсэн бол… гэх харуусал эрхгүй төрж байна. 
 
ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НЭРЭЭР ОЛОН ИХ НАЯДЫГ ХАЛАМЖИД ТАРААСНААС ХИЙЕ БҮТЭЭЕ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ТУСЛАХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ГАРГАЯ!
 
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа

ШИНЭ МЭДЭЭ