http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2020-2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулжээ
2022.01.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2020-2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулжээ

Монгол Улсын Их Хурал хууль тогтоох дээд түвшиндээ анх удаа Инновац, цахим бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороог өнгөрөгч 2020 онд байгууллаа. Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн өнөөгийн парламент нь цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа; мэдээллийн технологийн хөгжил; харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа; өндөр технологи, үндэсний инновацын бодлого; дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл; инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого; инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого; инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого; инновацын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлогын асуудлыг эрхлэх Инновац, цахим бодлогын байнгын хороог анх удаа байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Байнгын хорооны даргаар сонгосон.

Монгол Улс цахим шилжилт хийж, төрийн үйлчилгээгээ цахимжуулж эхлэхтэй зэрэгцэн хууль, эрх зүйн дэд бүтцийг бий болгох шаардлага тулгарсан бөгөөд Инновац, цахим бодлогын байнгын хороо нэг жилийн хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлуулсан юм.

Ийнхүү цахим хөгжлийн эрх зүйн орчныг шинэчилсний ач холбогдол, хууль тус бүрийн талаарх мэдээлэл болон тус Байнгын хорооны үйл ажиллагаа, Монгол Улсын Их Хурлын цахим шилжилт, тэр дундаа хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn системийн талаарх танилцуулга, Монгол Улсын цахим шилжилтийн талаарх багц мэдээллүүдийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2020-2021 оны үйл ажиллагааны тайлангийн сэтгүүлд дэлгэрэнгүй мэдээлжээ.

ШИНЭ МЭДЭЭ