МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Монгол Улсын мэдээллийн технологи, цахим шилжилт, дижитал эдийн засгийн хөгжлийг нэг шат ахиулахуйц түүхэн чуулган болж өнгөрлөө
2022.01.19
Улстөр

Н.Учрал: Монгол Улсын мэдээллийн технологи, цахим шилжилт, дижитал эдийн засгийн хөгжлийг нэг шат ахиулахуйц түүхэн чуулган болж өнгөрлөө

Улсын Их Хурлын 2021 оны Намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ.
Энэ удаагийн чуулган Монгол Улсын мэдээллийн технологи, цахим шилжилт, дижитал эдийн засгийн хөгжлийг нэг шат ахиулахуйц түүхэн чуулган болж өнгөрлөө.

Иргэн бүр мэдэх эрхтэй. Гагцхүү үнэнийг мэдэх эрхтэй. Албаны нууц гэсэн тамга дарж иргэдээсээ мэдээлэл нуудаг байдал үгүй болж 5 чиглэлийн 68 төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй болгосноор иргэд газар эзэмшигчийг, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг, улсын комисс хүлээж авсан шийдвэрийг хэн хэн батласныг ил тод мэдэх эрхтэй болно.

Түүнчлэн хүний хувийн мэдээллийг хамгаалах явдлыг илүү боловсронгуй болгож мэдээллийн эзэн мэдээллийн аюулгүй байдлаа өөрөө хариуцдаг байсныг өөрчлөн мэдээлэл хариуцагч буюу тухайн иргэний мэдээллийг авч, хадгалж, ашиглаж буй субъект мөн түүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг хуулиар хүлээлгэлээ.

Цахим гарын үсгийг өнгөрсөн хугацаанд ердөө 30 гаруйхан мянган хэрэглэгч ашиглаж байж. Энэ бол маш хангалтгүй тоо. Зөвхөн тендерт орох, татварын тайлан гаргахад л түүнийг ашиглаж байна. Угтаа бол зайнаас өөрийгөө таниулах, баталгаажуулах, зөвшөөрлөө илэрхийлэх, улмаар ямар ч төрлийн харилцааны баталгаажилтыг зайнаас цахим гарын үсэг ашиглан хийх бүрэн боломж бүрдэж байна.

Кибер аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсэг. Сүүлийн жилүүдэд Монгол улс руу чиглэх кибер халдлагын тоо улам нэмэгдэх болсон. Зөвхөн гадаад ч гэлтгүй дотоодын халдлагууд ч нэмэгдэж мэдээлэл алдагдах, системийн үйл ажиллагаа доголдох зэрэг төрөл бүрийн эрсдэл үүсч байлаа. Кибер аюулгүй байдлыг хамгаалах үндэсний тогтолцоо, дэд бүтцийг бий болгох Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль батлагдлаа.

Дижитал эдийн засаг буюу Виртуал хөрөнгө, криптовалютын ойлголтыг Монгол улс нэг мөр ойлгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгараад байсан. ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас Монгол улсад өгсөн зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээгээд байсан билээ. Тиймээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг мөн батлан гаргалаа.

Дүгнэн харахад, Алсын Хараа - 2050 хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Цахим засаглал, Цахим үндэстэн болох зорилго нэг алхам урагшилж төрийн үйлчилгээ цахимжих технологийн болоод эрх зүйн орчин бүрдлээ. Одоо бид хуулиа мөрдүүлж, хуулийн хэрэгжилтийг дээд зэргээр хангаж чадвал зорилтдоо хүрэхэд ойрхон байна. Хуулийн ажлын хэсэгт ажилласан гишүүддээ, ажлын дэд хэсгийн мэргэжилтнүүддээ бүгдэд нь БАЯРЛАЛАА...

КОВИД-19 цар тахлын давалгаа дахин эрчимжиж буй энэ цаг үед ард иргэд та бүхэн маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, эрүүл мэндээ хамгаалаарай.

ШИНЭ МЭДЭЭ