МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ
2022.01.17
Улстөр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.01.14/ хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, уг хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 53 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан байгуулсан гэж танилцуулгад дурджээ

Ажлын хэсгээс салбарын яам тус бүр хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, судалгаа хийх;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх талаар аймаг, нийслэлийн нутгийн өөрийн удирдлагын байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргаас тус тус санал авах;

-хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох судалгааны дүнд үндэслэн хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах чиглэлээр ажилласан байна.

Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох судалгааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хуульд дүн шинжилгээ хийх замаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх шаардлагатай 127 хууль байгааг тодорхойлж, эдгээр хуулиудад нийт 527 зөрчил, 173 хийдэл байгааг тогтоосон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай эдгээр хуулиудыг нийцүүлэх, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 3, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 28, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95, нийт 127 хуулийн төслийг боловсруулсан гэдгийг танилцуулгад дурдсан байв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д хууль тогтоомжийн нэр томьёог жигдлэх, орон нутгийн чиг үүрэг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэрэгжүүлэх чиг үүрэг болон нутгийн өөрийн удирдлага, төрийн удирдлагын эрх хэмжээ, бүрэн эрхтэй уялдуулах, нарийвчлан тусгах, байгаа зохицуулалтыг нийцүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай хамт баталсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох үндэслэл, “нийслэл, сум” гэснийг “сум, нийслэл” гэж өөрчлөх шаардлага байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарчмын нэг өөрчлөлт бол орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжихөд түүний эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх зохицуулалт байсан бөгөөд үүнтэй холбоотой 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Татварын ерөнхий хуульд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгохоор оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад анхаарах талаар саналаа илэрхийлсэн гэж байлаа.

Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ц.Туваан, Б.Баярсайхан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хуулийн төслүүдийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн асуудлыг тодорхой болгож өөрчилсөн хуулийн төсөл боловсруулсан эсэхийг тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан нарын зүгээс шинэ оноос хэрэгжих хуулийн хүрээнд баг, хорооны Иргэний Нийтийн Хурлыг хэрхэн зохион байгуулахаар болсныг илүүтэй лавлаж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс 127 хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл багтаагүй бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв. Мөн баг, хорооны Засаг даргын дийлэнх нь сонгогдсон. Ковидын нөхцөл байдлын улмаас асуудал сунжирсан тал бий. Бид зөвлөмж өгнө. Энэ дагуу сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас хуулийн хүрээнд баг, хорооны Иргэний Нийтийн Хурлын эхний хурлыг зохион байгуулж, зарлан хуралдуулна гэх хариултыг өглөө.

Харин Монгол Улсын сайд Ц.Нямдорж хариултдаа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Эхний төсөл нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, хоёр дахь төсөл Хууль зүй, дотоод хэргийн яаманд хэлэлцэгдэж байгаа. Эдгээр хуулийн төслийн бэлтгэл ажлыг хангаж, Улсын Их Хурлын хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ гэдгийг тодотгов.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар 127 хуулийн төслийг үзэл баримлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ