2022.01.14
Орон нутгийн хөгжил

Б.Энхбаяр: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль өмчийн асуудлаа тодорхой болгосноор хэрэгжинэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өөрчлөгдөж байгаа томоохон шинэчлэлийн нэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2019 оны арваннэгдүгээр сард баталж, 2020 оны тавдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ хууль үйлчилж эхэлсэн. Хуультай зөрчилдөж байгаа техникийн шинж чанартай өөрчлөлтүүд чуулганы хуралдаанаар орж ирж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол томоохон шинэчлэл дагуулж байгаа. 29 жилийн хугацаанд босоо удирдлагаар бүрэн эрхүүдийг шилжүүлдэг байсан тогтолцоог өөрчилсөн. Одоо чиг үүргийн тогтолцоо руу оруулж байгаа. Энэ нь чухал ач холбогдолтой. Тухайлбал, УИХ, Засгийн газар, Яам, Нийслэлийн засаг дарга болон бусад шатны дарга нарын чиг үүргийг тодорхой болгосон. Ийм зааг ялгааг тодорхой болгосноор хүлээх хариуцлага нь эзэнтэй болсон гэсэн үг. Үүнтэй хамт орж ирэх гол асуудал нь Орон нутгийн өмч юм.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль өмчийнхөө асуудлыг тодорхой болгохгүй бол хэрэгжихгүй.

Бусад улсын жишээг авч үзвэл орон нутгийн чиг үүрэг дээр нийтийн тээвэр, хот тохижилт, хогны асуудлыг тодорхой зааж, хариуцуулжээ.

Энэ хуулийн өөрчлөлтөөр Орон нутгийн өмчийн асуудал орж ирж байна уу?

Түүний асуултад ЗГХЭГ-ын Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Мягмар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ